Гамшигт нэрвэгдсэн Тохокү муж ажилчид, жуулчдыг татна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-01-03 13:51:44

ТОКИО./Nikkei/. Бараг зургаан жилийн өмнө газар хөдлөлт болон цунамийн гамшигт нэрвэгдсэн Японы хойд нутгийн Тохокү муж гадаад орнуудаас ажиллах хүч болон жуулчдыг татахыг зорьж байна. Тус мужийнхан эдийн засгаа сэргээхээр чармайсаар байгаа юм.

Энэ оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхлэх Японы засгийн газрын хөтөлбөрүүд нь гадаадын оюутнууд болон бусад хүмүүст ажил эрхлэх боломжийг олгох нь ээ. Учир нь Номхон далайн эрэгт орших тус мужид олон салбарт, тухайлбал далайн хүнс боловсруулах салбарт ажиллах хүчин ихээхэн дутагдалтай байгаа аж.

Ийм учраас Токиогийн зүгээс энэ жилээс эхлэн хавар болон зуны улиралд 100 компанид дадлага хийх боломжийг 200 оюутанд олгохоор төлөвлөж байна. Оролцогчид нь орон нутагт бизнес эрхлэхэд тулгамдаж буй асуудлаар санаа бодлоо солилцох ажээ. Тохокүд туршилтаар гурван сарын турш 50 хүнийг ажиллуулах хөтөлбөрийг энэ оноос эхлэн жил бүр хэрэгжүүлнэ.

Ажилчдын хувьд нутгийн бизнес эрхлэгчидтэй холбогдож, тэнд хэсэг хугацаанд ажилласныхаа дараа гамшигт өртсөн бүсүүдэд цаашид ажиллах боломжтой болох гэнэ.

Токохүд очих жуулчдын тоо буурч байгаа тул Японы Аялал жуулчлалын агентлаг тус мужийг гадаадын жуулчдад ээлтэй нутаг болгох зорилт дэвшүүлжээ.

Г.Доржханд

 

 

Related news