Хятад улсад зааны ясан бүтээгдэхүүн худалдахыг бүрэн хориглоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /Xinhua/. Хятад улс 2017 оны эцэс гэхэд зааны соёог боловсруулж, худалдахыг бүрэн хориглоно.
Эх сурвалжийн мэдээлснээр, зааны яс, ясан бүтээгдэхүүн боловсруулдаг 34 аж ахуйн нэгж, энэ төрлийн бүтээгдэхүүн худалддаг 143 газарт үйл ажиллагаагаа зогсоохыг тус улсын Засгийн газар удахгүй үүрэг болгох ажээ.
Хууль бус худалдаа, зааны соёог хууль бусаар хил нэвтрүүлж байгаатай тэмцэхийн тулд цагдаа, гаалийнхан болон бусад аж ахуйн нэгж хамтран ажиллана гэж БНХАУ-ын Засгийн газар мэдэгджээ.
Хятад улсад чинээлэг хүмүүс зааны яс, соёогоор хийсэн гоёл чимэглэлийн зүйлсээр гоёж гангардаг аж. Зааныг хулгайгаар агнаж байгаа нь олон улсад тулгамдсан асуудлуудын нэг болоод байна.
БНХАУ-ын Засгийн газрын төлөвлөгөө нь тус улсад зааны соёоны хууль бус наймааг эцэс болгож чадах эсэх нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.
Зааны соёог худалдахыг олон улсын зах зээлд хэдийн хориглосон билээ. Зааны ясан бүтээгдэхүүнийг худалдахыг дотоодын зах зээлд хориглохыг уриалсан агуулга бүхий тогтоолыг “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци”-д /CITES/ гарын үсэг зурсан улсууд өнгөрөгч оны 10 дугаар сард ӨАБНУ-д болсон уулзалтын үеэр баталсан юм.
Г.Доржханд