Кубад компьютерын үйлдвэр нээгдлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГГАВАНА. /telesurtv/. АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас Куба улс хүнд байдалд орж, технологийн хувьд хоцрогдсон билээ.
Тэгвэл тус улс технологи болон дижитал системийг хөгжүүлэх зорилгоор зөөврийн компьютер, таблет зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх анхны үйлдвэрээ нээжээ. “Industrial Company of Informatics, Communications and Electronics” гэдэг төрийн эзэмшлийн компанийн энэ үйлдвэр жилд 120 мянга орчим ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ.
Кубын үндэсний телевизийн мэдээлснээр, тус үйлдвэр “i3”, “Celeron”, “i5” Cores зэрэг зургаа дахь үеийн зөөврийн компьютер болон 8 болон 10 инчийн таблет үйлдвэрлэдэг байна.
Энэ төсөлд Компьютерын шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэд оролцож байгаа бөгөөд тэд үйлдлийн систем, шинэ тоног төхөөрөмжүүдийн компьютерын программуудыг бүтээдэг байна. Харин Хятадын “Haier” компани технологи, тоног төхөөрөмж, ажилтнуудыг сургах зэргийг хариуцдаг ажээ.
Д.Нямтулга