Ли Хуй: Хятад-Оросын худалдаа улам өргөжих болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-12-22 13:14:47

МОСКВА. /Xinhua/. БНХАУ нь ОХУ-ын худалдааны хамгийн том түншээр зургаан жил дараалан тодорсон бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлт буурч байгаа хэдий ч цаашид хоёр улсын хамтын ажиллагаа өргөжих төлөвтэй байна гэж БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Ли Хуй мэдэгдэв.

ОХУ нь Хятад улсад эрчим хүч, цахилгаан механик, өндөр технологийн бүтээгдэхүүн нийлүүлж байгаа бөгөөд дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унаж байгаа хэдий ч хоёр талын харилцаа тогтвортой байх болно гэж тэрбээр хэлснийг “Interfax” агентлаг уламжиллаа.

БНХАУ-ын санаачилсан “Бүс ба зам” санаачилга болон ОХУ тэргүүтэй Евразийн эдийн засгийн холбоог хослуулан уялдуулах асуудлыг хоёр улсын удирдагчид 2015 онд хэлэлцэж, тохиролцсон нь олон салбар дахь хамтын ажиллагаанд таатай нөхцлийг бүрдүүлэх юм.

“Бүс ба зам” санаачилга нь “Торгоны замын эдийн засгийн бүслүүр”, “21 дүгээр зууны далайн торгоны зам” гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эртний Торгоны зам дагуух Ази, Европ, Африкийн орнуудыг худалдаа, дэд бүтцийн сүлжээгээр холбох зорилготой. Евразийн эдийн засгийн холбоонд Армени, Беларусь, Казахстан, Киргизстан, ОХУ нэгдсэн билээ.

Элчин сайд Ли Хуйгийн мэдээлснээр, ОХУ-д оруулж буй Хятадын шууд хөрөнгө оруулалт 10 тэрбум долларт хүрсэн бөгөөд тус хоёр улс 90 тэрбум доллар өртөг бүхий 66 төслийг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Д.Нямтулга

 

 

Related news