Майдар бурхныг бүтээсний учир

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 21:45:19

Архангай аймгийн Цэцэрлэг хотоос нэлээд өмнүүр урсах Урд Тамирын голын эрэг хөвөөнөөс мянгаад алхам зайд боржигон чулуугаар сийлсэн 3 метр орчим өндөр Майдар бурхан усны мандал уулсын оройг ширтсэн аятай сууж байдаг.

Энэ тухай Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн сэтгүүлч Г.Жамц ийн өгүүлж байна. Нэгэн зун Тамирын гол сүрхий үерлэж айл амьтан ч сүйдсэн юмсанж. Тухайн цагийн зая гэгээнтэн урд  Тамирын голын бурхан байрлуулсан мянгаад алхам зайнаас илүү гарч эрэг хөвөөнөөсөө хальсан ус үерлэхүй байхыг билэгдэж уг бурхныг бүтээлгэсэн гэх домог буй. Үнэхээр ч Тамирын гол энэ хэсгээрээ хичнээн үерлэлээ ч Майдар бурхнаас хойш хальж айл хотыг сандаах нь үгүй болсон гэцгээх.

Аймгийн төвөөс 7 км зайтай Тамирын хөвөөний ширээ тэгш талд боржин чулуу байтугай бөмбөгний дайтай чулуу ч ховор. Социалист нийгмийн үед энэ хавийг Майдар чулуу гэж нэрлэдэг байв. Наад зах нь 5 тонн жинтэй лужир чулуун бурхныг энд яаж авчраа юм бол? гэсэн асуулт гарна. Дөрөвдүгээр гэгээний үед уг бурхныг бүтээсэн гэж таамаглах хүмүүс ч байх.

Бурхныг аймгийн төвийн зүүн хойд талын Цогт уул орчмын боржин чулуугаар урлан бүтээж, тэр хавиас урсах Донойн булаг горхины усыг намар орой шуудуу татан Тамирын гол тийш урсгаж мөс болгон хөлдөөгөөд уг мөсөн дээгүүр чулуун бурхнаа гулсуулж Тамирын голын хөвөөнд дөхүүлэн байршуулсан гэх домог яриа ч байдаг юм.

Архангай аймаг Л.Булган

Related news