Залуусын тулгамдсан асуудал нь хөдөлмөр эрхлэлт
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ“Төв аймгийн Залуус” ТББ-ын санаачлагаар АЗДТГ болон ахмадын төлөөллүүд нийлсэн гурван талт чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулагдлаа.
Чуулга уулзалтад төв аймгийн 60 гаруй залуус оролцсон бөгөөд Засаг даргын 2016-2020 мөрийн хөтөлбөрт тусгагдсан үндсэн дөрвөн асуудлын хүрээнд залуус санал бодлоо илэрхийлсэн байна. Хамгийн анхаарал татаж байгаа асуудлуудын нэг бол залуусын хөдөлмөр эрхлэлтийн асуудал бөгөөд залуус ажил хөдөлмөр эрхлэхэд ажлын туршлага заадаг учраас төдийлөн хүссэн ажилдаа орж ажиллаж чаддаггүй гэж “Төв аймгийн Залуус” ТББ-ын тэргүүн Г.Тэмүүжин хэллээ. Харин ажил олгогчдийн зүгээс “залуус бэлэн зарлагдсан ажлын байрыг голдог үнэн хэрэгтээ тэд өөрсдөө гологддог. Ихэнх нь ширээний ард суух ажлыг хийх сонирхолтой байдаг” гэв.
Энэхүү чуулга уулзалтад Төв аймгийн залуус болон үе үеийн ахмадын төлөөллүүд оролцож, залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, эрүүл аюулгүй орчинд амьдрах, боловсролыг дэмжих зэрэг асуудлаар хэлэлцүүлэг явагдсан бөгөөд хамтдаа шийдлийн гарцыг эрж хайсан онцлог үйл явдал болсон гэдгийг Төв аймгийн ЗДТГ-ийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Мөнхцэцэг хэллээ.
Мөн ахмад үеийн төлөөлөл болох Д.Жагарзэсэн хэлэхдээ “Залуучууд ажил мэргэжил голох хэрэггүй ээ эх орныхоо хаана ажиллах боломж байна. Тэнд хамтаараа хөдөлмөрлөж ажиллавал ажлын бүтээмж өндөр гарах боломжтой юм. Мөн залуучууд бүгдээрээ дарга болж удирдах ажил хийх хүсэлтэй байдаг. Энэ нь буруу юм. Энэ буруу бодлыг оюун бодлоосоо авч хаях хэрэгтэй. Оронд би ямар ажил хийснээр ард түмнийхээ ажил амьдралд тус болох вэ гэж бодох хэрэгтэй. Ер нь хүн ганц мэргэжил эзэмшиж түүгээрээ ажиллаад зогсож болохгүй алхам тутамдаа хөгжиж, олон талын мэргэжилтэй байх зүйтэй” хэмээн зөвлөсөн юм.
Мөн хамтаараа нэгдэж байж ихийг бүтээх учраас залуусаа хамтдаа хөдөлмөрийн үр шимээр амжилтад хүрч хөгжлийн төлөө зүтгэхийг өөрийн зүгээс захиж байлаа.
Төв аймаг Т.Есүхэйтөмөр