Чанартай аюулгүй бүтээгдэхүүн сонгохыг зөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-20 14:34:47
Yesukheitumur Tumurbaatar

Хүнсний аюулгүй байдлыг хангах, эрүүл хүнсээр хүүхдийн бэлэг бэлтгэх, шинэ жил, баяр ёслолын үеэр хоол хүнсний хүнсний аюулгүй байдал болон хадгалалтын хугацаа, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан зорилготой “Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” сарын аян үргэлжилж байна.

“Эрүүл хүүхэд-Эрүүл хүнс” аяныг энэ сарын нэгнээс эхлүүлсэн бөгөөд энэ сарын 30-ныг дуустал үргэлжлэх аж.

Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын эрүүл ахуй, халдвар, хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Мягмарсүрэнгээс аяны талаар тодруулахад, Төв аймгийн төвд худалдаа, хоол зоогийн үйлчилгээ явуулдаг бүх аж ахуйн нэгжид хяналтыг ирэх долоо хоногоос хийж эхэлнэ гэлээ. Мөн хүүхдийн бэлэг, байгууллага хамт олны шинэ жилийн хүлээн авалтын хоол зоог, импортын архи согтууруулах ундаанд энэ удаагийн хяналтыг чиглүүлж байна гэв.

Түүнчлэн хадгалалтын хугацаа дууссан эсвэл дуусах дөхсөн хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдийн бэлэгт боож худалдах явдал өнгөрсөн жилүүдэд гарч байсан тул хүүхдийн бэлэгт ийнхүү онцгойлон анхаарч байгааг хэлсэн юм. Тиймээс эцэг эхчүүдийг ч мөн хүүхдийн бэлэгт боосон бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг дор бүрнээ шалгахыг зөвлөлөө.

Тухайлбал хүүхдийн бэлэг сонгохдоо, Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс, Амталсан төмс, хатаасан эрдэнэ шиш, хийжүүлсэн ундаа, түргэн хоол, амт оруулагч ихтэй хүнснээс татгалзах, Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн, Нийлэг буюу химийн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн, Бүх төрлийн цуужуулсан, утсан, лаазалсан, бүтээгдэхүүн (давсалсан самар, цуу, загас, хиам, махан бүтээгдэхүүн, зайдас), Бүх төрлийн хийжүүлсэн ундаа, Шөлний тос, өөхөн тос түүгээр хийсэн бүтээгдэхүүн (гэрийн хайрсан боорцог, мушгиа боов), Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн зэргийг анхаархыг зөвлөж байна.

Мөн ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд явуулж буй худалдаа, үйлчилгээнээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно гэдгийг Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар, хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Мягмарсүрэн онцолсон юм.

Төв аймаг Т.Есүхэйтөмөр

Related news