УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн нэрэмжит олимпиад зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн нийт сургуулиудын хэмжээнд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн нэрэмжит олимпиад хоёр үе шаттай явагдлаа.
Математик, англи хэл, нийгмийн ухааны хичээлээр багш нар болон, 8-12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан уг олимпиадын хоёрын даваанд 18 сум, 2 тосгоны 24 сургуулиас шалгарсан 320 орчим сурагч, англи хэлний 39, математикийн 43, нийгмийн ухааны 38 багш оролцож дүнгээ гаргалаа. Багийн дүнгээр Есөнбулаг сумын “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургууль түрүүлж, гавьяат багш Б.Гомбын нэрэмжит улсын тэргүүний нэгдүгээр сургууль, төрийн хошой шагналт эрдэмтэн зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит хоёрдугаар сургууль удаах байруудыг эзэлсэн байна.
Багш сурагчид 93 медалийн төлөө өрсөлджээ. Олимпиадаар дамжуулан сургалтын чанарыг сайжруулах зорилгоор явагдсан уг ажил жил бүр уламжлал болон явагдах ажээ.
Ш.Цоодол