Хог дахин боловсруулах бизнес эрхлэхэд зөвшөөрөл авах шаардлагагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-14 17:18:29

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаанаар Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж, дэмжив.

Жил ирэх тутам нэмэгдсээр байгаа хог хаягдлын улмаас газрын хөрс, ус, агаар бохирдож, халдварт өвчин гарах нөхцлийг бүрдүүлж, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаагаас дүгнэхэд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хог хаягдлын тухай хууль нь бүрэн хэрэгжихгүй байгааг харуулж байна хэмээн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдав.

Тэрбээр, Нийт хог хаягдлын 82 хувийг дахин боловсруулах боломжтой гэж үздэг байна. Гэвч дахин боловсруулах боломжтой хаягдлыг ангилан ялгадаггүйгээс ил хаяж байгаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хүний эрүүл мэндэд бодитой аюул занал учруулж байна. Монгол Улс НҮБ-ын хог хаягдлын талаар баримталж буй бодлого, санал зөвлөмжийг харгалзан үзэж, олон улсын нийтийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагад нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан" гэлээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагаанаас бий болсон хаягдал бохирдлыг цэвэршүүлэх, хэрхэн хариуцлага тооцох тухай тодруулсан.

Уг асуултад УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, хог хаягдлыг дахин боловсруулах бизнес эрхэлэхэд ямар ч зөвшөөрөл авахгүй байхаар хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр хоёрдогч түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэл хөгжихийн дээр хог хаягдлаас салах боломж бүрдэнэ. Аймаг орон нутагт гарч байгаа уул уурхай, үйлдвэрлэлийн аюултай хог хаягдлыг заавал саармагжуулж байж, Засгийн газраас гаргасан тусгай цэгт хаяж байхаар хуулийн төсөлд тусгасан" хэмээн хариулав.

Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Ч.Ариунболд

Related news