Завханы хүнсний ууган үйлдвэрийн бүтээгдэхүүний 90 хувь нь нутгийн брэнд болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханы "Завхан Баялаг" ХК сүүлийн зургаан жилийн хугацаанд аймгийн төсөвт хоёр тэрбум 500 мянган төгрөгийн татвар төвлөрүүлжээ.
Эднийхэн аймгийн шилдэг аж ахуйн нэгж, шилдэг татвар төлөгчөөр сүүлийн таван жил тасралтгүй шалгарчээ. Завханы хүнсний ууган үйлдвэр жилдээ 300 тонн архи, жүүс, ундаа, 300 тонн цэвэр ус, 100 тонн жимсний дарс үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар 35 тонн чихэр, 30 тонн нарийн боов, 1000 тонн иоджуулсан давс үйлдвэрлэж иргэдийнхээ хэрэгцээг хангаж байна. Мөн сүүлийн жилүүдэд байгалийн зэрлэг жимс болох нэрс, чацаргана, үхрийн нүд, чонын элэг, аньс зэрэг жимсийг үйлдвэрийнхээ үндсэн түүхий эд болгон, ард түмэндээ экологийн цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хүргэж байна.
Нийт 32 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаас бүтээгдэхүүний 80-90 хувь нь Завхан аймагт ирж буй зочид, төлөөлөгчдөд барьдаг нутгийн брэнд бэлэг болж чаддаг аж.
Түүнчлэн аймгийн төв болон сумдад 27 нэрийн дэлгүүр, нийслэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Говь-Алтай, Ховд, Хөвсгөл, Архангай аймагт нэрийн дэлгүүрээ нээж үйлчлүүлэгчдээ бүтээгдэхүүнээ хүргэж байна.
Дашрамд дурдахад тус үйлдвэрийн нэрийн бүтээгдэхүүн болох “Сармай дээлт” чихэр гэхэд 80 гаруй жилийн түүхтэй юм.
Б.Мягмарсүрэн