Хятадад агаарын бохирдол нэмэгдсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-12-12 13:04:34

БЭЭЖИН./Xinhua/. Ням гарагт Хятадын цаг уурын албанаас тус улсын ихэнх газруудад агаарын бохирдлын түвшин ихэссэнтэй холбогдуулан анхааруулах дохиог шараас улбар шар өнгөнд шилжүүлэн 2 дахь хамгийн ноцтой түвшинг зарласан байна.

Бээжин, Тяньжин, Хөбэй, Хөнань, Шаньси зэрэг газруудын ихэнх хэсэг оройн 20 цагаас эхлэн 24 цагийн турш дунд зэргийн хэмжээний утаатай байгаа ажээ.

Мөн бусад газруудад агаарын бохирдол хэт их байгаагийн улмаас 500 м-ийн цаана байгаа зүйлс харагдахгүй болсон тухай тус улсын Үндэсний цаг уурын төв /ҮЦУТ/-өөс ням гарагт мэдээлжээ.

Хүйтэн салхи даваа гарагийн өглөө утаа униарыг хөөнө гэж үзсэний үндсэн дээр ням гарагийн өглөө агаарын бохирдлын шар түвшинг зарласан байна. Хятад улсад цаг агаарын ноцтой үзэгдлийг 4 өнгийн анхааруулах дохиогоор дамжуулан мэдэгддэг. Улаан өнгө нь хамгийн аюултай үзэгдлийг илтгэдэг бол үүний дараа улбар шар, шар, хөх өнгүүд байдаг.

Улбар шар өнгийн анхааруулга ассан тохиолдолд сургуулиудын үйл ажиллагаа болон барилгын ажлууд зогсдог байна.

Хэдийгээр засгийн газар агаарын бохирдолтой эрчимтэй тэмцэж байгаа боловч ялангуяа өвлийн улиралд Хятадын хойд хэсэгт цаг агаар нэлээд хүйтэрдэг учир ард иргэдийн түлж буй нүүрс нь нөхцөл байдлыг улам дордуулдаг байна.

12 дугаар сарын 5-нд батлан гаргасан байгаль орчны байдлыг сайжруулах 5 жилийн төлөвлөгөөний дагуу Хятад улсын Төрийн Зөвлөл агаарын бохирдлын гол эх үүсвэр болсон бүсүүдэд нүүрсний хэрэглээг хатуу хянах тушаал гаргасан юм.

Бээжин, Тяньжин, Хөбэй, Шаньдун, Сувдан гол, Хөх мөрний бүс нутгууд болон 10 том хотод агаарын чанар хамгийн мууд тооцогддог бөгөөд дээрх 5 жилийн төлөвлөгөөний дагуу эдгээр бүсүүдэд нүүрсний хэрэглээг бууруулах ажээ.

Х.Сарнай

 

Related news