Хүүхдүүд иргэний андгай өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-02 22:41:17
Yesukheitumur Tumurbaatar

Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан, чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгын хүрээнд зохиогдсон иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээнд 80 гаруй хүүхэд залуучуудын төлөөлөл оролцож, 16 залуу иргэний андгай өргөн үнэмлэхээ гардаж авлаа.

Энэ үеэр Төв аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар болон Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнхбадрал, ГБХЗХГазрын дарга Д.Бадамцэцэг нар оролсон бөгөөд шинээр иргэний үнэмлэхээ гардан авч буй залуусдаа хандан цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсээд үнэтэй сургаалиа хайрласан аж.

Олон мянган жилийн тэртээгээс өвөг дээдсийн минь халуун амиараа хамгаалан та бүхэндээ өвлүүлсэн, эх орныхоо эрх зүйн бүрэн чадамжтай иргэн нь болж буй эрхэм залуусынхаа амьдралын өнө их замд мялаалга өргөж Төв аймгийн ахмадын хорооны дарга М.Самдан залуусд лекц тавьсан юм.

Уг арга хэмжээг Төв аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улсын бүртгэлийн газар, Боловсрол соёл урлагийн газар болон Төв аймгийн Зуунмод сумын ЗДТГ хамтран  Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан шинээр үнэмлэхээ гардан авч байгаа хүүхдүүдийн андгай өргөх ёслолын арга хэмжээ зохион байгуулсан юм.

Мөн хувьсгалын түүхийн тухай “Долоон бурхан харвадаггүй”  уран сайхны киног залуусдаа сонирхуулсан тухай Төв аймгийн ГБХЗХГ -ийн мэргэжилтэн Х.Ганхуяг онцолсон юм.

Т.Есүхэйтөмөр

Related news