ГОВЬ-АЛТАЙ: Тооллогыг бүртгэлд суурилсан аргаар явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-04-18 14:04:55

Есөнбулаг, 2026 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлснээр Говь-Алтай аймагт 2000 орчим аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс 1000 гаруй нь үйл ажиллагаа явуулдаг, 900 гаруй нь “Х” тайлантай үйл ажиллагаа явуулдаггүй, 200 орчим нь аль нэг төрийн байгууллагад бүртгэлгүй ажээ.


Монгол Улсын "Статистикийн тухай" хуульд заасны дагуу аж ахуйн нэгжийн тооллогыг 5 жил тутамд явуулдаг бөгөөд ээлжит тооллого 2025 оны үйл ажиллагааны үр дүнд суурилан дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн нэг сарын хугацаанд үргэлжлэх юм.


Аж ахуйн нэгж, байгууллагын анхны тооллого улс орон даяар 1991 онд явагдсанаас хойш энэ жил 8 дахь удаагийн ээлжит тооллого болж буй юм.


Тооллогын зохион байгуулалт, ач холбогдлыг танилцуулах "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг дөрөвдүгээр сарын 17-ны өдөр аймгийн Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын газар, ХХҮГ, Цахим үйлчилгээний хэлтэс, Улсын бүртгэлийн газар, Стандарт хэмжил зүйн хэлтсүүдтэй хамтран зохион байгуулав. 


Өдөрлөгт 160 гаруй аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд оролцсон бөгөөд Статистикийн хэлтсийн албан хаагчид болон сумдын төрийн сангийн мэргэжилтнүүд аж ахуйн нэгж байгууллагуудыг тооллогод хамруулж холбогдох үйлчилгээ үзүүлжээ. 


Нэг сарын хугацаанд үргэлжлэх тооллогыг бүртгэлд суурилсан аргаар зохион байгуулж буйгаараа онцлог юм. Тооллогод хамрагдсанаар иргэд төрийн үйлчилгээг илүү хялбар хүртэх боломж бүрдэхээс гадна бодлого боловсруулахад ашиглагдах суурь мэдээлэл бүрдэж, хамтын ажиллагааг дэмжих ач холбогдолтой талаар Говь-Алтай аймгийн Статистикийн хэлтсийн дарга Д.Тунгалаг мэдээллээ.


Сонирхуулахад, Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулж буй 1000 орчим аж ахуйн нэгж байгууллагыг салбараар нь авч үзвэл 34 нь барилга, худалдаа 323, холбоо 5, байр сууц, нийтийн хоолны 26, эмнэлэг 38, аж үйлдвэр 73, боловсролын салбарт 70 байгууллага бүртгэлтэй байна.

Related news