LVMH группийн орлого зах зээлийн хүлээлтэд хүрсэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
g.enkh-od@montsame.gov.mn
2026-04-15 16:05:00

ПАРИС, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /Kazinform/. Францын тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “LVMH” (Moët Hennessy Louis Vuitton) групп энэ оны эхний улирлын борлуулалтын тайлангаа танилцуулжээ. Тайлант хугацаанд тус компанийн орлого 19.1 тэрбум евро болж, органик өсөлт нь нэг хувьтай гарсан нь зах зээлийн шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй.


Дэлхийн тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний хамгийн том групп болох тус компанийн борлуулалтын нийт хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс (20.3 тэрбум евро байсан) 6 хувиар буурсан нь бизнесийнх нь ихэнх салбарт борлуулалтын дарамт үүссэнийг харууллаа. 


Ойрх Дорнодын мөргөлдөөн зэрэг геополитикийн хурцадмал байдал, эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдлаас үүдэн борлуулалтын органик өсөлтийг нэг орчим хувиар сааруулсан ч хүнд сорилтын үед тогтвортой байдлаа хадгалж чадсан гэж тус компани мэдэгджээ.  


Бизнесийн салбараар авч үзвэл, группийн гол тулгуур болох “Загвар ба арьсан эдлэл”-ийн салбарын орлого өмнөх оны мөн үеийнхээс 9 хувиар буурч, хамгийн их хувиар унасан байна.


Бүс нутгийн түвшинд Европ болон Японд дотоодын эрэлт тогтвортой байсан ч жуулчдын урсгал саарснаар гарсан алдагдлыг АНУ-ын зах зээлд амжилттай эхэлсэн борлуулалтын орлогоор нөхжээ. 


“LVMH” групп цаашид зах зээлээ төрөлжүүлж, тасралтгүй инновацад тулгуурлан тансаг зэрэглэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч байр сууриа бэхжүүлнэ гэж мэдэгдсэн байна. 

Related news