Virgin Galactic сансрын арилжааны нислэгээ сэргээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /NBC News/. Америкийн сансрын аялал жуулчлалын “Virgin Galactic” компани хоёр жил завсарласныхаа дараа сансрын арилжааны нислэгийн тасалбарыг хязгаарлагдмал тоогоор дахин борлуулж эхэлжээ. Энэ удаад тус компанийн сансрын хөлгөөр аялах нэг суудлын үнэ 750 мянган ам.долларт хүрсэн нь өмнөхөөс 100 мянган ам.доллароор өссөн байна.
Тус компани ирээдүйн сансрын экспедицүүдэд зориулж цөөн тооны тасалбар гаргаснаа мэдэгдсэн нь аялал жуулчлалын нислэгүүдээ сэргээхээр бэлтгэж буйг илтгэж байна.
Дээрх мэдэгдлийн дараа Virgin Galactic-ийн хувьцаа 22 хувиар өсжээ. Өмнөх оны энэ үед компанийн хувьцааны ханш 30 орчим хувиар буураад байсан юм.
Тасалбараа борлуулж эхлэх шийдвэр нь тус компанийн улирлын санхүүгийн тайлантай давхцаж байгаа бөгөөд тайлан шинжээчдийн таамгаас сул гарчээ.
2025 оны дөрөвдүгээр улиралд Virgin Galactic-ийн орлого 312 мянга орчим ам.доллар болсон нь таамаглаж байсан 360 мянган ам.доллароос бага байна. Компанийн алдагдал нэг хувьцаанд 0.98 ам.долларт хүрч, 0.82 ам.долларын таамгаас өндөр гарчээ.