Сар луу хийх нислэг эхлэх мөчийг тоолж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2026-03-31 15:55:31

ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /interfax/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /NASA/ “Artemis II” хөтөлбөрийн хүрээнд Сар луу жолоодлогот хөлөг хөөргөхөд үлдээд буй 50 цагийг тоолж эхэлсэн тухай хөөргөх ажиллагааг хариуцсан захирал Чарли Блэквелл-Томпсон мэдэгджээ.


“Манай ажиллагаа эхлэх хугацааг дөнгөж сая тоолж эхэлснийг дуулгахад таатай байна” гэж тэрбээр NASA-д болсон хэвлэлийн хурлын үеэр хэлээд “Манай баг энэ мөчид хүрэхийн тулд маш шаргуу ажилласан. Бүх үзүүлэлт биднийг маш сайн, бүр төгс бэлэн байгааг харуулж байна” гэж онцоллоо.


"Space Launch System" (SLS) зөөгч пуужин болон сансрын "Orion" хөлгийг гуравдугаар сарын 20-ны өдөр Флорида муж улсын Канавералын хошуун дахь Кеннедийн нэрэмжит Сансрын төвийн 39A талбайд байрлуулсан байна.


“Artemis II” хөтөлбөрийн хүрээнд Сар луу илгээх сансрын жолоодлогот хөлгийг АНУ-ын Зүүн эргийн цагаар дөрөвдүгээр сарын 1-ний 18:24 цагт хөөргөхөөр товложээ. Нислэг эхлэх үед цаг агаар тохиромжтой байх магадлал 80 хувьтай байна.


Энэхүү нислэгийн хүрээнд “Orion” хөлөг Сарыг нэг удаа бүтэн тойрч нисэх юм. Хөлгийн багийн бүрэлдэхүүнд NASA-гийн сансрын нисэгчид болох Рейд Уайзман, Виктор Гловер, Кристина Кох болон Канадын сансрын агентлагийн нисэгч Жереми Хансен нар багтжээ. Тэд Сарны гадаргуугаас хэдэн арван мянган км зайтай ниссэнийхээ дараа Номхон далайд буцаж газардах юм. Нислэг нийт 10 хоног үргэлжилнэ.


Өмнө нь “Artemis I” хөтөлбөрийн хүрээнд "Orion" хөлгийг тээсэн SLS зөөгч пуужинг 2022 оны 11 дүгээр сард автомат горимоор амжилттай хөөргөсөн байна.


Related news