“Албадан хөдөлмөр”-тэй холбоотой шалгалтын талаар Хятадын тал мэдэгдэл хийжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН, 2026 оны гуравдугаар сарын 16 /TASS/. АНУ-ын засгийн газраас Хятадын бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад “албадан хөдөлмөр хийлгэсэн” эсэхийг шалгаж буй нь манай улсыг хариу арга хэмжээ авахад хүргэж байна гэж БНХАУ-ын Худалдааны яам мэдэгдсэн байна.
“БНХАУ албадан хөдөлмөр эрхлүүлэхийг тууштай эсэргүүцдэг бөгөөд Олон улсын хөдөлмөрийн байгууллагыг үүсгэн байгуулагч орнуудын нэг билээ. Хятад улс холбогдох 28 конвенцыг соёрхон баталж, хөдөлмөрийн хууль тогтоомжийн боловсронгуй тогтолцоог бүрдүүлсэн. Мөн бүх хэлбэрээр албадан хөдөлмөр хийлгэх явдлыг тууштай таслан зогсоож, урьдчилан сэргийлдэг” гэж уг мэдэгдэлд дурджээ.
“Бид АНУ-д явуулж буй шалгах ажиллагааны явцыг анхааралтай ажиглаж, шаардлагатай бол хариу арга хэмжээг авахад бэлэн байна. Мөн хууль ёсны эрх ашиг, ашиг сонирхлоо тууштай хамгаалах болно” гэж мөн онцолсон байна.
Түүнчлэн АНУ өмнө нь Хятадын эсрэг “албадан хөдөлмөр хийлгэсэн” /Хятадын баруун хойд нутаг орших Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд/ гэх шалтгаанаар хязгаарлалт тогтоож байсан бөгөөд үүнтэй холбогдуулан Бээжин удаа дараа эсэргүүцлээ илэрхийлж ирснийг дурджээ.
Мөн АНУ одоог хүртэл Албадан хөдөлмөр эрхлэлтийн тухай 1930 оны конвенцыг соёрхон батлаагүй, “олон улсын хэм хэмжээг дагаж мөрдөхөөс татгалзаж, энэ сэдвийг олон жилийн турш улс төрийн зорилгоор ашиглаж ирсэн” гэж Хятадын Худалдааны яам мэдэгдсэн байна.
Энэ өдрүүдэд Хятад, АНУ-ын төлөөлөгчид Парис хотод худалдаа, эдийн засгийн асуудлаар ээлжит хэлэлцээ хийж байгаа юм. Хятадын тал уг шалгах ажиллагаатай холбогдуулан АНУ-д албан ёсны байр сууриа илэрхийлсэн гэдгийг тус мэдэгдэлд дурджээ. “Бид Вашингтоныг буруу алхмаа нэн даруй залруулж, харилцан хүндэтгэх, эрх тэгш байдлын зарчмыг баримтлан, асуудлыг яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг шаардаж байна” гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын засаг захиргаа албадан хөдөлмөр ашиглан үйлдвэрлэсэн барааны импортыг зохицуулдаг журам дүрмүүдийн хүрээнд ОХУ, Хятад зэрэг 60 гаруй улстай холбоотой шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Уг шалгалтыг 1974 оны Худалдааны тухай хуулийн 301-р заалтад үндэслэн явуулж байгаа бөгөөд уг заалтад бусад орнууд Америкийн худалдааг хязгаарлаж байгаа тохиолдолд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрхийг ерөнхийлөгчид олгодог ажээ.