ГОВЬ-АЛТАЙ: Алтай сум цахилгаан эрчим хүчинд бүрэн холбогдоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-12-25 09:34:50

Есөнбулаг 2025 оны 12 дугаар сарын 25 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны Хами аймгийн намын хорооны дарга Сун Таогийн урилгаар Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатаар ахлуулсан ажлын хэсэг  Хами аймагт энэ сарын 23-25-нд айлчилж байна. 


Айлчлалын хүрээнд Алтай сумыг цахилгаан эрчим хүчинд холбох асуудлын талаар 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ярилцжээ.


Говь-Алтай аймгийн Алтай сумын 360 өрх, 40 орчим аж ахуйн нэгжийг найдвартай, тогтвортой цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор сүүлийн жилүүдэд тодорхой ажлыг хийсээр иржээ. Тодруулбал, Азийн хөгжлийн банкны нэг сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж, 2023 онд 300 кВт-ын суурилагдсан чадалтай нарны цахилгаан станц, 3000 кВт/ц багтаамжтай цэнэг хураагуурын систем, 300 кВт-ын чадалтай дизель цахилгаан станцыг барьж байгуулан ашиглалтад оруулсан байна. 


Харин төслийн төлөвлөлтийн үе шатад Алтай суманд байрлах цэргийн ангийн цахилгаан ачааллыг тооцоолон тусгасан боловч хөрөнгө оруулагч талаас Батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулалт хийх боломжгүй гэдгээ илэрхийлжээ. Үүний улмаас төслийн хүчин чадалд цэргийн ангийн цахилгаан ачаалал тусгагдаагүй учир өнөөдрийн байдлаар өвлийн улиралд цэргийн ангийг нэмж холбосноос чадлын дутагдал үүсч Алтай сумыг 24 цагийн тасралтгүй цахилгаан эрчим хүчээр хангах боломж хязгаарлагдмал нөхцөл байдал үүсээд байсан нь энэ аж. 


Энэ асуудлыг шийдвэрлэхээр Улсын төсвийн 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Алтай сумаас Бургастайн боомт хүртэл 70 км урттай 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж байгуулан 2024 онд байнгын ашиглалтад хүлээн авсан байна. Үүний үргэлжлэл болгон “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК нь өөрийн хөрөнгөөр хилийн бүс хүртэл 35 кВ-ын 1.5 км орчим цахилгаан дамжуулах агаарын шугамыг 2025 онд шинээр барьжээ. Ингэснээр БНХАУ-ын төрийн өмчит “Хами Энержи Групп” ХХК-ийн цахилгаан дамжуулах шугамтай холбох техникийн бэлэн байдлыг бүрэн хангаж холбоход бэлэн болоод байна.



Үүний сацуу Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 541 дүгээр тогтоолоор “Цахилгаан импортлох” тусгай зөвшөөрлийг “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-д олгож, эрчим хүчний салбарын төрийн байгууллага, компаниуд холбогдох зохион байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ.


Монгол Улсын Хилийн боомтын захиргаа болон БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны Боомтын захиргааны алба хоорондын 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн ажлын хэсгийн хуралдаанд Эрчим хүчний яам, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн төлөөллийг оролцуулсан аж. 



Ингэхдээ Монгол Улсын “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК болон БНХАУ-ын “Хами Энержи Групп” ХХК-ийн хооронд 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хилийн холболтыг хийж, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний хэлэлцээг ийнхүү шуурхайлахаар харилцан тохиролцоонд хүрсэн байна.


Ийнхүү алс баруун хязгаар Алтай сумыг эрчим хүчинд холбох албан ёсны нээлтийн ажиллагаа 2025 оны  12 дугаар сарын 25-нд 14:00 цагаас эхэлнэ хэмээн “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-аас мэдэгдлээ.

Related news