Фараоны завийг сэргээн барих ажил эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-12-24 17:19:56

КАИР, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /Xinhua/. Нээгдээд удаагүй байгаа Египетийн Их музейд эртний Хуфу хааны /Хеопс/ хоёр дахь нарны завийг сэргээн барих ажил эхэлжээ. Ойролцоогоор дөрвөн жил үргэлжилнэ хэмээн тооцоолж буй сэргээн засварлах явцыг музейн зочид шууд ажиглах боломжтой юм.  


Египетийн Аялал жуулчлал, эртний эд өлгийн яамны сайд Шериф Фати мэдэгдэхдээ, олон жилийн турш үргэлжилсэн хадгалалт, баримтжуулалт, хэлтэрхийнүүдийг 3D-гээр сканнердах их ажлын дараа энэхүү үйл явцыг эхлүүлж байгаа гэлээ.


Ойролцоогоор 4500 орчим жилийн өмнөх үед хамаарах уг завийг 1954 онд Хуфу хааны булш болох Их пирамидын ойролцоогоос хэсэг хэсгээр нь олсон байна. Нийт 1650 орчим модон хэлтэрхийгээс бүрдэх энэхүү завь нь ойролцоогоор 42 м урт ажээ. 


“Хуфугийн анхны нарны завь ерөнхийдөө бүрэн бүтэн байсан бол түүнээс арай жижиг хэмжээтэй хоёр дахь завь нь маш муу хадгалагдсан байсан” гэж Их музейн гүйцэтгэх захирал Ахмед Гонейм хэлжээ. Түүнчлэн үзмэрийг зочдын нүдэн дээр сэргээн засварлах нь дэлхийн аль ч музейд байхгүй туршлага юм гэдгийг тэрбээр онцолсон байна.



Related news