Р.Эрдоган: Истанбулын хэлэлцээг сэргээхийн төлөө ажиллана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ИСТАНБУЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /Anadolu/. Украины дайны асуудлаарх Истанбулын үйл явцыг “ноцтой асуудлуудыг шийдвэрлэх цогц байдлаар” хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэж Турк улс үзэж байна. Энэ тухай Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган лхагва гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Орос, Украины хооронд Туркийн зуучилснаар зохион байгуулсан гурван удаагийн хэлэлцээний үеэр “ахиц дэвшил гарсан” гэдгийг Р.Эрдоган онцлон тэмдэглээд, талууд гал зогсоох, энхийн хэлэлцээ хийх, түүнчлэн цэргийн асуудлыг шууд хэлэлцсэн гэдгийг дурдлаа. “Бид эдгээрийг бүгдийг нь үнэ цэнтэй алхам гэж үзэж байна” хэмээн тэрбээр онцлон хэлжээ.
“Орос-Украины дайны сүйтгэлт үр дагавар гүнзгийрч байгаа энэ
үед Истанбулын хэлэлцээ нь дипломат хүчин чармайлтын чухал үе шат болж байна”
гэж Р.Эрдоган хэлээд, үргэлжилсээр байгаа дайныг зогсоох чиглэлд Туркийн талын
зуучлан зохион байгуулсан хэлэлцээний ач холбогдлыг цохон тэмдэглэсэн байна.
Эрчим хүчний дэд бүтцийг онилон халдлага үйлдэх нь нэмэгдэж,
олон хүний аминд хүрч байгаа нь хоёр талд нөхөж баршгүй хохирол учруулж байна
гэж Туркийн Ерөнхийлөгч нэмж хэллээ. Улмаар Анкара “гал зогсоох, шударга, өнө удаан
үргэлжлэх энх тайвныг тогтоох үйл явцыг эрчимжүүлэх аливаа саналыг” Москватай хамтран хэлэлцэхэд
бэлэн байгааг Р.Эрдоган илэрхийлэв.
Орос, Украины хоорондох цус урсгасан дайныг зогсоохыг хүсэж
буй бүх түнш Истанбулын үйл явцад бүтээлч байр суурь баримтална хэмээн Туркийн
тал найдаж байна гэж тэрбээр хэллээ.
Үүний сацуу Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн
эрхт байдал, тусгаар тогтнолыг дэмжих Анкарагийн үүрэг амлалтыг дахин нотолж,
Туркийн тал “бидэнтэй өвөрмөц түүх, соёлын холбоо бүхий” Крымийн татаруудыг
үргэлжлүүлэн дэмжих болно гэж хэлсэн байна.
Туркийн Ерөнхийлөгч мөн “дайнаас үүдэлтэй бүх саад бэрхшээлийг
үл харгалзан бид хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхийг
зорьж байна” гэж мэдэгджээ. “Энэ хүнд хэцүү нөхцөлд Украиныг орхин гаралгүйгээр
ажлаа зоригтойгоор үргэлжлүүлсэн Туркийн бизнес эрхлэгчдийн дэмжлэгтэйгээр бид Украины
сэргээн босголтод хувь нэмрээ оруулахыг хүсэж байна” гэж Р.Эрдоган хэллээ.
Ulaanbaatar