ГОВЬ-АЛТАЙ: “DIGITAL FIRST” контент бүтээх уралдаан ирэх сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-11-20 08:33:34

Есөнбулаг, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. “Говь-Алтай цахим дархлаажуулалт” аяны хүрээнд зохион байгуулж буй “Digital first” контент бүтээх уралдаан 12 дугаар сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ.


Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Digital first” цахим нэгдүгээрт бодлого нь төрийн үйлчилгээг цахимжуулах, нийгмийн бүхий л салбарт дижитал шилжилтийг түргэсгэх, иргэдийн дижитал соёлыг төлөвшүүлэхэд чиглэж байгаа ажлууд улс орон даяар өрнөж байна. 


Үүнтэй холбогдуулан Говь-Алтай аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хамтран “Говь-Алтай цахим дархлаажуулалт” аяны хүрээнд тус ажлын ач холбогдлыг таниулан сурталчлахаар “DIGITAL FIRST” контент бүтээх уралдааныг 11 дүгээр сарын 17-ноос 12 дугаар сарын 8-ныг хүртэл зохион байгуулж буй юм. 


Тодруулбал, төрийн албан хаагчид иргэн болон өсвөр үеийнхэнд сурталчлан таниулах, бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, цахим орчинд зөв, хариуцлагатай оролцох дадлыг төлөвшүүлэх, технологи болон хиймэл оюуныг зөв зохистой ашиглах мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчид болон сурагчдын дуу хоолойг олон нийтэд бүтээлчээр хүргэх, дижитал контентын соёлыг төлөвшүүлэх зорилгоор ил уралдааныг өрнүүлж байгаа ажээ. 


Уралдаанд бүх шатны төрийн байгууллагууд болон хувийн хэвшил, Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн (8–12-р анги) сурагчид, ганцаарчилсан болон багийн хэлбэрээр оролцох бөгөөд контент нь сошиал орчинд түгээхэд тохирсон видео эсвэл богино хэмжээний рийл, нийтлэл, өгүүлэл хэлбэртэй,100-180 секунт үргэлжлэх шаардлагыг хангасан байх ёстойг анхааруулав. 


Үүний сацуу кибер аюулгүй байдал, цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал, цахим дархлаатай иргэн, цахим залилан сэдвийн дор бүтээлээ бэлтгэхийг оролцогчдод сануулсан юм. 


Энэхүү уралдаанд бүх насныхан оролцох боломжтой, иймд иргэд, хүүхэд залуучуудыг идэвх санаачилгатай ороцохыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.

Related news