Гашуунсухайт-Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын ажил үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-17 16:25:49

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр бэлтгэл ажил бүрэн дуусах шатандаа орж, бетон зуурмагийн үйлдвэр, арматур бэлтгэх талбайн ашиглалтад бэлтгэл хангалаа.


Зам тээврийн яамны мэдээлснээр, төслийн үйл ажиллагаанд “Тавантолгой Төмөр Зам” компанийн инженерийн баг БНХАУ-ын нутаг дэвсгэрт байрладаг гүйцэтгэгч “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” компанийн бетон зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавин ажиллаж байна.


Бетон зуурмагийн үйлдвэр нь цагт 360 м³ бетон үйлдвэрлэх хүчин чадалтай, 2×HZS180 маркийн автомат холих төхөөрөмжөөр тоноглосон орчин үеийн байгууламж юм.


Элсийг угааж боловсруулдаг, дүүргэгчийг халаах систем бүхий агуулахад хадгалдаг зэрэг технологийн шийдлүүд нь улирлын нөхцөлөөс үл хамааран өндөр чанарын бетон үйлдвэрлэх боломж бүрдүүлж байна. Үйлдвэрийн дэргэдэх дам нуруу үйлдвэрлэх хэсэгт төмөрбетон Т хэлбэрийн дам нурууг бүрэн автомат хэв хашмалын системээр үйлдвэрлэж, уураар арчилж бат бэхийг ханган ажиллаж, одоогоор 60 ширхэг дам нуруу бэлэн болсон байгаа аж.


Мөн үйлдвэр нь олон улсын стандартын дагуу бетон болон дүүргэгч материалын чанар, бат бэх, нягт, ширхэглэлийн шинжилгээ хийдэг иж бүрэн лабораторитой. Инженерийн баг үйлдвэрлэлийн бүх шатанд хяналт тавьж, төслийн бүтээцийн чанар, стандартыг найдвартай ханган ажиллаж байна.


Related news