Авто машины хийлдэггүй дугуйг туршиж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /Kyodo/. “Bridgestone” корпорацын үйлдвэрлэсэн хийлэх шаардлагагүй “AirFree” хэмээх дугуйг Японы төв нутгийн Тояма хотод туршиж эхэлжээ. Туршилтыг эхлүүлэх ёслолд хотын захиргаа болон компанийн төлөөлөгчид оролцсон байна.
“AirFree” дугуйнуудтай цахилгаан автобусыг анх удаа зорчигчтойгоор замд гаргажээ. “Boule BaaS” гэж нэрлэсэн энэхүү загвар нь 9 хүний суудалтай, дээд тал нь цагт 20 км хурдлах боломжтой жижиг оврын цахилгаан автобус юм.
Энэхүү дугуйн гол онцлог бол хийлэх шаардлагагүй ба дахин боловсруулах боломжтой термопластик давирхайгаар хийсэн бат бөх хигээсэн бүтэцтэй ажээ. Шинэ дугуйн бас нэгэн онцлог нь бүрэнхий үед ч дугуйг илүү тод харагдуулах цэнхэр өнгийн хигээснүүд юм. "Bridgestone" компанийн инженерүүдийн тайлбарласнаар, энэ нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахаас гадна компанийн онцлогийг тодотгон харуулна.
"AirFree" дугуй үйлдвэрлэлийн газрын дарга Ивабүти Ёшинори хэлэхдээ, туршилтын үеэр цуглуулсан мэдээллийг уг технологийг ирэх оноос нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор шинэчлэн сайжруулахад ашиглана гэж онцолсон байна.
Энэхүү төслийг байгаль орчинд ээлтэй хотын тээврийг хөгжүүлэх "Green Slow Mobility" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд "Bridgestone" компани дугуйн ашиглалтын үзүүлэлт, бат бөх байдлыг шалгахын тулд Тояма хотын захиргаатай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Тояма хотод хийж туршилтууд нь ирээдүйд зөвхөн хотын тээвэрт төдийгүй засвар үйлчилгээний зардал бага суудлын цахилгаан авто машинд ашиглах боломжтой энэхүү хийлдэггүй дугуйг бөөнөөр нь үйлдвэрлэхэд чухал үе шат болно.
Ulaanbaatar