БНХАУ-ын дарга, Японы Ерөнхий сайд нар уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ГЁНЖҮ, 2025 оны арваннэгдүгээр сарын 1 /Xinhua/. Бүгд Найрамдах Хятад Ард Улс шинэ эрин үеийн шаардлагад нийцсэн бүтээлч, тогтвортой хоёр талын харилцааг бий болгохын тулд Японтой хамтран ажиллахад бэлэн байна гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин баасан гарагт мэдэгджээ.
Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Такаичи Санаэтай түүний хүсэлтээр уулзах үеэрээ Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Япон улсууд нь ойр хөрш орнууд тул хоёр талын харилцааны урт хугацааны, эрүүл, тогтвортой хөгжлийг дэмжих нь хоёр улсын ард түмэн болоод олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлтэд нийцэж байгааг онцолсон байна.
Хятадын тал хоёр улсын хооронд байгуулсан улс төрийн дөрвөн баримт бичигт тусгасан зарчим чиглэлүүдийг баримтлах, хоёр талын харилцааны улс төрийн үндэс суурийг хадгалах, стратегийн, харилцан ашигтай харилцааг урагшлуулахын тулд Японтой хамтран ажиллахад бэлэн байна гэж Ши Жиньпин хэлжээ.
Түүнчлэн Хятад, Японы харилцаа боломж хийгээд сорилт бэрхшээлийн аль алинтай нь тулгарч байгааг БНХАУ-ын дарга онцлоод, Японы шинэ Засгийн газар Хятадын талаар зөв ойлголттой болж, Хятад, Японы харилцааны хөгжилд хувь нэмэр оруулсан ахмад үеийн төрийн зүтгэлтнүүд болон хоёр улсын янз бүрийн салбарын хүчин чармайлтыг үнэлж, хоёр улсын энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй чиглэлийг баримтална гэж найдаж байгаагаа илэрхийлэв.
Үүний хариуд Т.Санаэ Хятад бол Японы чухал хөрш орон гэдгийг цохон тэмдэглээд, Япон, Хятад улсууд бүс нутаг болон дэлхий дахинд энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө ихээхэн үүрэг хариуцлага хүлээдэг хэмээн хэллээ.
Япон улс Хятадын талтай өндөр түвшний харилцаа холбоогоо хадгалах, бүх түвшний харилцаа холбоог сайжруулах, ойлголцлыг дэмжих, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байгааг тэрбээр хэлсэн байна. Үүний дүнд хоёр орны стратегийн, харилцан ашигтай харилцааг тогтвортой урагшлуулж, Япон, Хятадын бүтээлч, тогтвортой харилцааг бий болгоно гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэжээ.
Тайванийн асуудлаар Япон улс 1972 оны Япон, Хятадын хамтарсан мэдэгдэлд дурдсан байр суурийг баримтална гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Ulaanbaatar