“Artemis II” хөтөлбөрийг ирэх онд хэрэгжүүлж эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-09-24 16:27:17

ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 24 /BBC/. Саран дээр сансрын нисгэгчдийг буулгах “Artemis II” хөтөлбөрийг ирэх оны дөрөвдүгээр сард багтаан хэрэгжүүлнэ гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв буюу НАСА агентлагийн дэд захирлын туслах Лакиша Хокинс мягмар гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Энэ нь сүүлийн 50 жилийн хугацаанд Сар руу хийх анхны жолоодлогот нислэг болно.


Сар руу хийх нислэгийн үндсэн бэлтгэл ажлыг 2026 оны хоёрдугаар сар гэхэд дуусгах ёстой гэж тэрбээр хэлээд уг хөтөлбөрийн хамгийн чухал зорилт бол “Orion” сансрын хөлгийн багийнхны аюулгүй байдлыг хангах явдал гэдгийг онцоллоо. “Artemis II” хөтөлбөрийн хүрээнд дөрвөн сансрын нисгэгчийг Сар руу илгээх юм. Хөлгийн багийн бүрэлдэхүүнд НАСА-гийн сансрын нисгэгчид болох Рид Вайсман (хөлгийн дарга), Виктор Гловер, Кристина Кох, Канадын сансар судлалын агентлагийн нисгэгч Жерем Хансен нар багтжээ. Сансрын нисгэгчид энэ удаад Саран дээр газардахгүй ба Сарыг нэг удаа тойрон нисэх бөгөөд тойрог замаас 9200 гаруй км-ийн хол зайд нисэх ажээ. Энэ нь 1972 онд Аполлон-17хөлгөөр ниссэнээс хойш хүн анх удаа Дэлхийн нам тойрог замаас цааш ниссэн нислэг болох юм.
Нислэгийн явцад хөлгийн системүүдийг шалгах, пуужингийн хоёр дахь угсраанд ойртох маневр хийхээс гадна шинжлэх ухааны туршилтуудыг хийнэ. Тухайлбал, бичил таталцал ба сансрын орчны цацраг туяа хүний эсүүдэд хэрхэн нөлөөлж байгааг нарийвчлан судална.

Сарыг тойрон ниссэнийхээ дараа сансрын нисгэгчид эх дэлхий рүүгээ буцах дөрвөн өдрийн аяллыг эхлүүлэх бөгөөд аяллын хамгийн эрсдэлтэй үе шат нь "Orion" хөлгийн капсул Дэлхийн агаар мандалд орох, мөн Калифорнийн эргийн ойролцоо Номхон далайд буух үе юм.

“Аполлон” хөтөлбөрийн дараа сансрын нисгэгчдийг анх удаа Сарны гадаргуу дээр буулгах зорилготой "Artemis III" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэх ажил "Artemis II" хөтөлбөр амжилттай хэрэгжих эсэхээс шалтгаална. 


“Artemis I” хөтөлбөрийн хүрээнд “Orion” хөлгийг “SLS” зөөгч пуужингаар 2022 оны 11 дүгээр сард хөөргөж туршсан байна. Уг туршилтыг автомат горимоор явуулжээ. Харин “Artemis III” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үеэр 2027 онд хөлөг Саран дээр газардсанаар сансрын нисгэгчид манай гаргийн дагуулын гадаргуу дээр буух ёстой. Дараагийн “Artemis IV” хөтөлбөрийг 2028 онд хэрэгжүүлэх бөгөөд энэ үед “Orion” хөлөг Сар орчмын тойрог тойрог замын станцтай залгагдаж, дараа нь сансрын нисгэгчид Саран дээр буух юм.



Related news