ЗАВХАН: Загастайн давааны замыг нэг чигийн хөдөлгөөнөөр нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-23 13:03:34

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Загастайн давааны замын зорчих хэсгийг цэвэрлэж, нэг чигийн урсгалтай авто машины хөдөлгөөнийг нээжээ.


9 дүгээр сарын 22-ны өдөр Загастайн даваанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан "Завхан Азза" ХХК, Улиастай сумын хот тохижилт үйлчилгээний албаны алба хаагчид хамтран Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 30 км, Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 20 км нийт 50 км автозам засварын арчилгааг хийжээ.


Өнөөдрийн байдлаар "Завхан Азза" ХХК-ийн 11 ажилтан 8 авто машинтай зам арчилгааны ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Авто грейдер 2, ковш 1, үйлчилгээний авто машин 3 болон 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.


Загастайн давааны хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт 20-70 см орчим нойтон цас орсны улмаас тээврийн хэрэгсэл зорчиход хүнд байгаа юм.


Авто замын зорчих хэсгийг бүрэн нээгээгүй байгаа тул жолооч, тээвэрчид тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж онц шаардлагагүй бол холын замд гарахгүй байх, замын нөхцөл байдлын мэдээллийг тухай бүрд нь авч, авто замын цэвэрлэгээний ажилд саад учруулахгүй, хүлээцтэй хандахыг зөвлөж байна. Одоогоор давааны орчимд цас ороогүй, үзэгдэх орчин хэвийн байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.


Ташрамд, 9 дүгээр сарын 21-22-ны шилжих шөнө нойтон цас орсны улмаас Загастайн давааны замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн байна. Уулаараа үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүссэн учир авто машины хөдөлгөөнийг түр хязгаарласан байжээ.


Загастайн давааны зам нь Мянганы замын хэвтээ тэнхлэгийн нэг хэсэг болох чиглэлийн Улиастай-Мөрөн,

Улиастай-Тосонцэнгэл-Улаанбаатар чиглэлийн гол зам юм.  

Related news