“Ардчилсан Үндсэн хуульт засаглалыг бэхжүүлэх" сэдвээр судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулж буй “Ардчилсан Үндсэн хуульт засаглалыг бэхжүүлэх нь: Үндсэн эрхийг хамгаалахад хөндлөнгийн хараат бус төрийн хяналтын байгууллагуудын үүрэг, оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэллээ.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хурлыг нээж хэлэхдээ, Хууль хяналтын байгууллага ялангуяа шүүх, аудит, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг хараат бус байгууллагууд ардчиллыг хамгаалахад чухал ач холбогдолтой. Эдгээр байгууллагын бие даасан байдлыг хадгалах нь ардчиллыг хөгжүүлэх, ардчиллын сөрөн тэсвэрлэх чадварыг бэхжүүлж буй явдал юм. Гагцхүү хяналт хэрэгжүүлэхдээ эрх мэдлээ хэтрүүлэхгүй байх, иргэдийн эрхийг хамгаалахад анхаарах ёстой. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зөвхөн онолын төдийд ярилцаад өнгөрөх биш улс орнууд өөрсдийн туршлагыг хуваалцах нь чухал хэмээн онцлов.
Тус хуралд Монгол Улс болон АНУ, ХБНГУ, Итали, Энэтхэг, Вьетнам, Серби, Япон, Их Британи, Испани, Нидерланд зэрэг 10 улсын эрдэмтэн, судлаач, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож, ардчилсан Үндсэн хуульт засаглалыг бэхжүүлэх, үндсэн эрхийг хамгаалахад хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагууд болон хөндлөнгийн хараат бус төрийн хяналтын байгууллагуудын үүрэг, оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлж буй юм.
Хурлын үндсэн зохион байгуулагчаар УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, хамтран зохион байгуулагчаар Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төв, Итали Улсын Миланы их сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Чимид” сан ажиллаж байна. Тус эрдэм шинжилгээний хурал маргааш үргэлжилнэ.