Засаг даргын нөөц хөрөнгөөр найман эмнэлгийг засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-18 09:41:16

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 27 сургууль, цэцэрлэг, эмнэлгийн шугам сүлжээ, 8 эмнэлэг засаж, 20 уурын зуухыг шинэчилнэ.


Нийслэлийн 2025-2026 оны өвөлд бэлдэн 750 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийн шугам сүлжээ, эмнэлгийн засвар, тэдгээрийг дулаанаар хангахад нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 6.2 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт гаргажээ.


Энэ талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин ярихдаа, “11 сургуулийн гадна шугам, 9 цэцэрлэгийн шугам сүлжээг засаж эхэллээ. Мөн 7 эмнэлгийн гадна шугам сүлжээ, 8 эмнэлгийн дотор засвар хийж, уураар халдаг дулааны 20 зуухыг шинэчилнэ. Ингэснээр сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгийг нүүрсний хэрэглээтэй бус уурын зуухаар дулааныг нь шийдэж, агаарын бохирдлыг багасгахад нэмэр болно” гэсэн юм.

Related news