Олон улсын анхны “Чонжу-Мөрөн” нислэгээ үйлдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэний агаарын тээврийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж "Hunnu Air" компани “Чонжу-Мөрөн” чиглэлийн олон улсын анхны нислэгээ өнөөдөр үйлдсэн талаар Зам, Тээврийн яамнаас мэдээлэв.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан агаарын тээврийг либералчлах бодлогын хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөнгийн нисэх буудлыг ангилал дээшлүүлж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 4С ангилалд хүргэснээр Үндэсний агаарын тээвэрлэгч "Hunnu Air" компани “Чонжу-Мөрөн” чиглэлийн олон улсын анхны нислэгээ ийнхүү үйлдэж байгаа аж.
Зам, тээврийн яамнаас орон нутгийн нисэх буудлын ангилалыг дээшлүүлж, олон улсын 4С ангилалд хүргэж, агаарын тээврийн сүлжээг шат дараатай өргөжүүлж буй нь зөвхөн тээвэр, дэд бүтцийн салбарын хөгжил бус, Монгол Улсын аялал жуулчлал бүс нутгийн хөгжилд эдийн засгийн томоохон хөшүүрэг болж байгаа юм.
Тухайлбал, өнөөдрөөс эхлэн Мөрөнгийн нисэх буудалд орон нутгийн хуваарьт нислэг газардахаас гадна ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Зүүн өмнөд азиас олон улсын жуулчны захиалгат болон хуваарьт шууд нислэг хүлээн авах боломж бүрдэж байна. Мөн агаарын тээврийн хөгжил нь аялал жуулчлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн экспертүүд үзэж буй. Энэ нь Улаанбаатар хотод бүх нислэг төвлөрөхгүй орон нутагт шууд очиж буух нь олон талын давуу талтай юм.
Тус захиалгат нислэгийг гүйцэтгэснээр гадаадын жуулчид зардал болон цагаа хэмнэж Улаанбаатар хотоор дамжихгүйгээр шууд Хөвсгөл аймгийг зорих маш том боломжийг нээж байна.
Ташрамд дурдахад, Хүннү Эйр компани тус нислэгийг 98 хүний суудалтай "Embraer-190" агаарын хөлгөөр үйлдсэн бөгөөд хоёр улсыг холбосон энэ нислэг 4 цаг 10 минут үргэлжлэх аж.