ХОВД: Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангахад хяналт тавьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн баяр наадмын хурдан морины уралдаан долоон насны ангиллын дагуу өрнөж
байна.
Тус
үйл ажиллагаа өнөөдөр азарганы уралдаанаар эхэллээ. Хурдан морь унаач хүүхдүүдэд Хүүхдийн эрхийн улсын
байцаагч болон Хөдөлмөрийн улсын байцаагч үзлэг хийж байна. Мөн Хүүхэд, гэр
бүлийн хөгжил хамгааллын газрын ажлын баг хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд хяналт
тавьж, шаардлагатай зөвлөмж мэдээллийг танилцуулж байна.
Уралдаанд оролцогч хүүхдүүд гэнэтийн ослын даатгалд 100 хувь хамрагдсан, хамгаалалтын хувцас бүрэн өмссөн нь сайшаалтай байгааг мэргэжилтнүүд онцоллоо.
Уяачдыг
дүрэм журмын дагуу баяр наадамд оролцож, хурдан морь унаач хүүхдийнхээ эрүүл мэнд,
аюулгүй байдлыг хамгаалахаас гадна бусад хүүхдийг гэмтэж, бэртэхээс
сэргийлэхийг Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас
уриаллаа.