Хязаалангийн уралдаанд Б.Гантигийн хүрэн үрээ түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-10 11:47:02

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр эхэллээ.


Наадмын хурдан морины уралдаан хязаалан насаар эхэлдэг уламжлалтай. Тэгвэл энэ насанд хурдан 256 хязаалан бүртгүүлснээс 195 нь стандарт хангаж уралдааны замд гарлаа. Харин 61 хязаалан сэрвээний өндрөөр хасагдсан байна.


Улмаар Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат “Шунхлай” группын ерөнхийлөгч П.Батсайханы хурдан хүрэн үрээ түрүүлсэн бөгөөд энэхүү хүлгийг уяач Б.Гантиг уяж хурдлуулжээ. Харин Ховд аймгийн Чандмань сумын уяач Д.Лхагвасүрэнгийн халтар халзан үрээ аман хүзүүдэж, Архангай аймгийн Чулуут сумын уяач Ц.Энхболдын халтар үрээ гуравт орж ирлээ.


Тэгвэл айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн уяач Б.Гантулгын бор, тавд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач А.Наранбаатарын хурдан хар хязаалан хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олныг баясгалаа. 







Related news