Үндэсний их баяр наадмын 104 жилийн ойн бөхийн барилдаанд улсын цолтой 102 бөх зодоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-10 10:45:57

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд таван аваргаар магнайлуулсан 512 хүчтэн зодоглохоор бүртгүүлжээ.


Тодруулбал, дархан аварга нэг, улсын аварга дөрөв, арслан найм, гарди зургаа, заан 14, харцага 21, начин 48, нийт 102 улсын цолтой бөх барилдах юм. Түүнчлэн аймаг, цэргийн арслан 125, заан 29, харцага 18, начин 72, сумын заан 102, начин 15, залуу 49 бөх зодоглоно.


Наадам зодоглох бөхчүүдээс хамгийн ахмад нь улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ юм. Түүнчлэн улсын арслан До.Ганхуяг, заан Ц.Мягмарсүрэн, харцага Ш.Уламбаяр нар төрийн наадамдаа барилдана. Хүчит бөхийн барилдааны нэг, хоёрын даваа маргааш болох юм. Харин 3-9-ийн даваа энэ сарын 12-нд болж, шинэ цолтнууд тодорно.


Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадамд дархан аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, П.Бүрэнтөгс, арслан Б.Орхонбаяр, заан Б.Бат-Өлзий, начин Э.Батмагнай, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нарыг түрүү бөхийн тааварт хамгийн олон бөх сонирхогч, үзэгч нэрлэсэн байна. 


Ташрамд сонирхуулахад, дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар энэ жилийн наадмыг өнжиж байна. Ингэснээр ард олноо "зургаан залуу заан" хэмээн хайрлагдсан хүчтэнүүд дахин наадмын торгон ногоон дэвжээнд зодоглохгүй болж, түүхэнд үлдлээ. 

Related news