СҮХБААТАР: Аймгийн Засаг дарга М.Идэрбат баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг байгуулагдсаны 83 жил, Төмөртийн овооны уулын баяжуулах үйлдвэрийн 20 жилийн ойн баяр наадмыг нээж, аймгийн Засаг дарга М.Идэрбатын мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ, Эрхэм хүндэт наадамчид аа
Эх дэлхийн өнцөг, булан бүрд ажиллаж, амьдарч байгаа нутгийн зон олон ахан дүүсээ
Хөрст дэлхий нар, хураа
ивээж, хүүхэд, багачуудын инээд хөөр цангинасан монгол наадмын энэхүү хоймроос Сүхбаатар аймгийн иргэд, наадамчин олон та бүхэндээ Хүннү
гүрэн байгуулагдсаны 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө,
Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил,
Ардчилсан хувьсгалын 35 жил, аймаг байгуулагдсаны түүхт
83 жилийн ойн баяр наадмын
халуун мэндийг хүргэж, айл хотлоороо дүүрэн билэг, түвшин жаргалтай,
дэлгэр сайхан наадахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Дорнод
Монголын тал нутагт минь Монгол түмний
төрт ёсны түүхэн уламжлал монгол наадам эхэлж буй энэ цаг дор Дарьганга,
Халх ястны өв соёлын өлгий, эх орончид, эрдэмтэн сайчууд, уран дархчууд, удамт
хурдан хүлгийн нутаг Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Онгон, Түвшинширээ, Халзан
сумдын түүхт 100 жил, Наран сум байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна.
Мөн "Цайрт минерал" ХХК-ийн Төмөртийн овооны цайрын
уулын
баяжуулах үйлдвэр байгуулагдсаны 20 жилийн
ойг аймгийн баяр наадамтай хамтатган тэмдэглэж байна. Төмөртийн овооны баяжуулах
үйлдвэр нь орон нутагт олон ажлын байрыг бий болгож, улс, эх орны эдийн
засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсаар ирснийг онцлон тэмдэглэж, тус үйлдвэрийн
үе үеийн удирдлага, ажилтан, албан хаагчдад халуун баярыг хүргэж, амжилт
бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Ирэх цагийн өнгийг өөдрөгөөр билэгдэн, өрнүүн хүсэл,
тэмүүллээр дор бүрнээ хичээн ажиллаж буй
иргэд, хөдөлмөрчид, шат шатны төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн хамтын хүч
хөдөлмөрөөр Сүхбаатар аймгийн хөгжил, цэцэглэлт өдрөөс өдөрт өргөжин тэлсээр
байна.
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Засаг
даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулж, хөтөлбөрийн хүрээнд
хэрэгжүүлэх 10 томоохон төслийг
тодорхойллоо.
Аймаг, орон нутгийн түүхэн хөгжилд шинэ хуудсыг нээж,
Баруун-Урт Бичигт чиглэлийн хүнд даацын
авто замын шав тавигдаж, зам барилгын ажил эхэллээ. Монгол Улсын далайд гарах
хамгийн дөт зам болох энэхүү авто замын бүтээн байгуулалт нь Сүхбаатар аймаг
төдийгүй Монгол Улсын эдийн засагт томоохон дэвшлийг бий болгох хөгжлийн зам
байх болно.
Иргэд, хөдөлмөрчдийн олон талт хэрэгцээг хангасан
амьдрах орчныг сайжруулж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
чиглэлээр 2025 онд улсын төсвийн 105 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 29 төсөл
арга хэмжээ, орон нутгийн төсвийн 23.0 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 78
төсөл арга хэмжээ хэрэгжиж байна.
Эдгээр төсөл, бүтээн
байгуулалт нь Сүхбаатар нутгийн хөгжил дэвшил, иргэдийн сайн сайхны төлөөх бидний хамтын хөдөлмөрийн үр шим, хичээл зүтгэлийн
бодит илэрхийлэл билээ.
Эх сайхан Монгол орныхоо нар тоссон зүүн хязгаар
Сүхбаатар нутгийн хөгжил шинэ шатанд гарахад хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж
ирсэн үе үеийн удирдлага, ахмад буурлууд, иргэд хөдөлмөрчид, нутгаа гэсэн сэтгэлтэй хүн
бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хүчит бөхчүүдийн уран мэх хөрст дэлхийг донсолгож,
эрхий мэргэдийн эрчит сум хөх тэнгэрт
исгэрч, хурдан хүлгийн төвөргөөн тал
нутгийг дүүргэж, хөх толбот түмний уухайн түрлэг хадаж, монгол наадам эхэллээ.
Ардын
хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жил, Сүхбаатар аймаг байгуулагдсаны
түүхт 83 жил, Төмөртийн овооны цайрын уулын баяжуулах үйлдвэрийн 20 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаа нээснийг
мэдэгдье.
Үндэсний
их бахархал, төрт ёсны бэлгэдэл, дэлхийд ганцхан монгол наадамдаа дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай гэв.
Related news

