А.Карповын нэрэмжит тэмцээнд оролцогчдын нэрс тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-08 14:59:41

ХАНТЫ-МАНСИЙСК, 2025 оны долоодугаар сарын 8. /ТАСС/. Дэлхийн 12 дахь аварга Анатолий Карповын нэрэмжит шатрын тэмцээнд долоон улсын тамирчид оролцоно гэж тэмцээнийг зохион байгуулагчид мэдээллээ.


Тус тэмцээн долоодугаар сарын 14-нөөс 26-нд Ханты-Мансийск хотод болно. Тэмцээнд чансааны 2600-гаас дээш оноотой Оросын ба гадаадын их мастерууд оролцох бөгөөд тэд бол Раунак Садхвани (Энэтхэг), Владислав Артемьев (ОХУ), Шант Саргсян (Армени), Шамсиддин Вохидов (Узбекистан), Санан Сюгиров (Унгар), Владимир Малахов (ОХУ), Франсиско Вальехо Понс (Испани), Мохаммад Амин Табатабаи (Иран), Айк Мартиросян (Армени), Арсений Нестеров (ОХУ) нар юм.


Шатарчдад зориулан соёлын үйл ажиллагаа явагдана. Тухайлбал,  тэд “Торум Маа” гэдэг угсаатны зүйн задгай музейг үзэж, орон нутгийн хоолнуудыг амсаж, манси үндэстний өвлийн байшинд зочилж, нум сумаар харваж, жад шиднэ. Мөн Обь ба Иртыш мөрнүүдийн бэлчир газраар аялна.


Шатарчид тойргийн системээр 9 өрөг тоглох бөгөөд энэхүү тэмцээнийг Олон улсын шатрын холбооноос FIDE Circuit цуврал тэмцээний хуваарьт оруулсан гэдгийг Оросын Шатрын холбооны гүйцэтгэх захирал Александр Ткачев мэдээллээ. 


Цуврал тэмцээнүүдэд оролцох шатарчид өөрийн үзүүлсэн амжилт ба тэмцээний чансаанаас хамааран оноо цуглуулдаг. Ингээд оны эцсийн дүнгээр хамгийн олон оноо авсан тоглогч дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг шалгаруулах 2026 оны тэмцээнд оролцох цорын ганц эрхийг авах юм. 2024 оны дүнгээр Америкийн шатарчин Фабиано Каруана уг эрхийг авчээ. 

 

Related news