ХОВД: “Дээлтэй Монгол-2025” наадам гурван үе шаттай өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн баяр наадам өнөөдөр “Дээлтэй Монгол-2025” үйл ажиллагаагаар эхэллээ.
Тус үйл ажиллагаа нь монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинжийг сурталчлах, угсаатны дээл хувцас, эд хэрэглэлийг өдөр тутмын хэрэглээнд хэвшүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой юм.
“Дээлтэй
Монгол-2025” үйл ажиллагаа энэ жил Ховд аймагт гурван үе шаттай өрнөж байна.
Тодруулбал,
үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал Ховд аймгийн төв
талбайд боллоо. Үүнд
50 орчим байгууллага хамт олон, сум, багийн иргэдийн төлөөлөл
үндэсний хувцсаараа гоёж оролцов.
Мөн өв соёлоо эрхэмлэн дээдлэгч байгууллага, иргэдийн төлөөлөл бүжгийн үзүүлбэр сонирхууллаа.
Одоо үндэсний хувцсаар гоёсон дээлтэй гэр бүл, хамгийн
сайхан угсаатны хувцастай оролцогчдыг шалгаруулах уралдаан өрнөж байна. Тус уралдаанд 60
гаруй оролцогч бүртгүүлжээ.
Түүнчлэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор үндэсний дээл, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.
Ховд
аймгийн 17 суманд соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч, үндэсний хувцас урлаач 150
гаруй иргэн, аж ахуйн нэгж бий. Тэдний төлөөлөл болох 19 иргэн, аж ахуйн нэгж
дээрх үзэсгэлэн худалдаанд оролцож, дээл хувцсыг язгуур хэв шинж болон орчин
үеийн хэв шинж агуулсан байдлаар урласнаа иргэдэд танилцуулж байна.