Баярын өдрүүдэд орон нутгийг зорьж байгаа иргэдийг сонор, сэрэмжтэй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-07 16:49:11

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/.  Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 12 аймгийн 26 суманд 42 удаагийн гол, усны ослын тохиолдол бүртгэгдэж, 26 иргэн амиа алдсаны найм нь хүүхэд байгааг ОБЕГ-аас өнөөдөр мэдээлэв.


Энэ талаар ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн хэлэхдээ, “Онцгой байдлын байгууллагаас гол, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд томоохон гол, нуурын эрэг дагуу завьт эргүүл, морин эргүүл, явган эргүүлийг ажиллуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Гол, усны осол нь иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдэл болоод бага насны хүүхдийг хараа, хяналтгүй орхисон зэрэг нийтлэг шалтгаанаас үүдэж байна. иймд баяр, амралтын өдрүүдэд аялж, зугаалгаар хөдөө, орон нутгийг зорьж байгаа иргэдийг сонор, сэрэмжтэй байж, тухайн газар орныхоо онцлогийг судалж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна” гэв.


ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, “Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 13 ой, хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын 217 алба хаагч, 7 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 43 хүн, 6 автомашин буюу нийт 260 хүн, 13 автомашинтай ажиллаж байна. Үүнд, Сэлэнгэ аймгийн Мандал, Дархан-Уул аймгийн Хонгор суманд гарсан нийт 2 ойн түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 5, Мандал суманд 4, Хүдэр сум 2 буюу 11 ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Эдгээр түймрийн 8 нь өчигдөр буюу долоодугаар сарын 6-нд бүртгэгдсэн” гэв.


Мөн тэрбээр ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байгаа тул иргэн бүр сонор сэрэмжтэй, галын аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа.

Related news