СҮХБААТАР: Аймгийн баяр наадмыг Төмөртийн овооны 20 жилийн ойтой хамтатгана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг байгуулагдсаны 83 жилийн үндэсний баяр наадмыг "Цайрт минерал" компанийн Төмөртийн овооны Уулын баяжуулах үйлдвэр /УБҮ/-ийн 20 ойтой хамтатган энэ сарын 9,10-ны өдрүүдэд тэмдэглэнэ.
Өөрөөр хэлбэл баяр наадмыг "Цайрт минерал" компани ивээн тэтгэж байгаа. Үүнтэй холбоотойгоор энэ жилийн баяр наадмын хурдан морь, үндэсний бөх, сур, шагайн харвааны бай шагнал нэмэгдсэн гэдгийг баяр наадмыг зохион байгуулах комиссоос онцоллоо.
Баяр наадмын нээлтийг "Талархал" уриан дор зохион байгуулна. Нээлтийн үйл ажиллагааг Жаахан шарга театрын уран бүтээлчид толилуулах бөгөөд 7 дугаар сарын 9-ний 11.00 цагаас эхэлнэ.
Хурдан морины уралдаан болон
үндэсний бөхийн барилдааныг гурвын даваанаас хойш төв талбайд лед дэлгэцээр шууд дамжуулна. Шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүдээс допингийн шижилгээг мэргэжлийн багийнхан
авна.
Монгол зургаан нас уралдах бөгөөд сонгомол нас уралдахгүй. Морьдыг уралдааны замд гарахад сэрвээний өндрийг хэмжиж гаргана. Эхний 10-т хурдлан ирсэн морьдын сэрвээг дахин хэмжинэ. Хурдан морины уралдааныг албаны машинаас өөр машин дагуулахгүй.
Баяр наадмаар авто машинд зөвшөөрөл олгохгүй бөгөөд наадмын талбай руу гурван гарц, замаар очиж талбайн баруун талын зогсоолд авто машинуудыг
байрлуулна.
Баяр наадамд зориулсан шоу
тоглолт, ёслолын буудлага 7 дугаар сарын 9-ний 20.00 цагт Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд болно. Тус тоглолтод Салхи
хамтлаг, дуучин СТА Г.Эрдэнэчимэг, Ерөөлч Сүхээ, Баавар, Жесон нарын уран бүтээлчид оролцоно.