Н.Учрал: Эдийн засгийн дархлаа нь урт хугацааны ухаалаг бодлогын үр дүн байх ёстой
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “MEF Youth 2025” үйл ажиллагаанд өчигдөр оролцлоо.
Тус үйл ажиллагаа нь “Rebuilding Trust” буюу “Итгэлцлийг дахин сэргээх нь” уриан дор зохион байгуулсан бөгөөд эдийн засгийн өнөөгийн сорил, ирээдүйн боломж, залуусын оролцооны талаар нээлттэй, уриалга бүхий хэлэлцүүлэг болжээ.
Энэ үеэр Монгол
Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хэлэхдээ, "Эдийн
засгийн дархлаа гэдэг нь богино хугацааны арга хэмжээ бус, урт хугацааны
ухаалаг бодлогын үр дүн байх ёстой. Өмнөд Солонгосын KPOP салбар эдүгээ
улсынхаа эдийн засагт 50 тэрбум ам.долларын нөлөө үзүүлж байна. BTS хамтлагийн
нэг тоглолт 900 сая ам.долларын орлого олж, энэ нь Монгол Улсын ДНБ-ий 4-5 хувьтай
тэнцэхүйц байна. 2025 онд “Los Angeles Lakers” баг 10 тэрбум ам.доллароор зарж,
Монголын ДНБ-ий 45–50 хувьтай дүйцэх хэмжээний үнэлгээнд хүрсэн. Яг үүн шиг Монгол
залуусын авьяас, хүсэл сонирхол эдийн засаг болон өргөжих боломжтой" гэв.
Салбарын яам залуусын ур чадвар, инновацид суурилсан орчин үеийн салбаруудыг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлж, Соёл урлаг, спорт, технологи, хөдөө аж ахуй, креатив үйлдвэрлэл, Дижитал эдийн засаг, стартап зэрэг салбарууд багтаж байгаа аж. Мөн бизнес эрхлэгчдийн өмнө тулгардаг “зөвшөөрөл” нэртэй саад, хязгаарлалтыг цэгцэлж, олон улсын зах зээлд өрсөлдөх боломж, үүд хаалгыг нээх шинэчлэл хийж байна.
“Ирээдүйн эдийн засаг ба итгэлцэл дээр суурилсан дараагийн алхам” сэдвээр 3000 гаруй залуус, салбарын экспертүүдтэй хамт хэлэлцүүлэг өрнүүлжээ.