КОНКАКАФ-ын Алтан цомын төлөө АНУ, Мексикийн багууд өрсөлдөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар
сарын 3./ТАСС/. АНУ, Мексикийн шигшээ багууд Хойд ба Төв Америк, Карибын сав
газрын улсуудын хөл бөмбөгийн холбооны /КОНКАКАФ/ Алтан цомын төлөөх тэмцээний
финалд өрсөлдөхөөр боллоо.
АНУ, Канадад болж буй уг тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолт Сент-Луис хотноо болж, АНУ-ын баг Гватемалын шигшээг 2:1 харьцаагаар хожлоо. Америкчуудаас Диего Луна /4 дэх ба 15 дахь минут/ дубль хийсэн бол гватемалчуудаас Ольгер Эскобар 80 дахь минутанд хариу гоол оруулсан байна. Гватемалын шигшээ баг 1996 оноос хойш анх удаагаа хагас шигшээд шалгарчээ.
Санта-Клара хотод болсон хагас шигшээгийн нөгөө тоглолтод Мексикийн баг Хондурасын шигшээ 1:0 харьцаагаар хожсоноор финалд шалгарсан байна. Цорын ганц гоолыг 50 дахь минутанд Раул Хименес оруулжээ. Мексикийн шигшээгийн бүрэлдэхүүнд Москвагийн “Локомотив” багт тоглодог Сесар Монтес багтсан бөгөөд Хондурастай хийсэн тоглолтод тэрбээр сайн тоглож чадсангүй. Мөн Москвагийн “Динамо”-д тоглодог Мексикийн шигшээгийн хагас хамгаалагч Луис Чавес бэлтгэлийн үеэр өвдөгний үенийх нь хэрээс хэлбэрийн холбоос гэмтсэн тул тоглолтод оролцоогүй байна.
Мексикийн шигшээ баг Алтан цомын
тэмцээнд хамгийн олон буюу 9 удаа түрүүлсэн бол америкчууд 7 удаа цомыг өргөж
байжээ.
Тус хоёр багийн финалын тоглолт даваа
гарагт шилжих шөнө Хьюстон хотод болно.