К.Гауфф Уимблдоны хоёрдугаар тойрогт шалгарч чадсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-07-02 13:13:42

ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 2 /TASS/. WTA буюу Эмэгтэйчүүдийн теннисний холбооны чансааны хоёрдугаарт бичигдэж буй, Америкийн теннисчин Коко Гауфф Уимблдоны тэмцээний эхний тойрогт Украины теннисчин Даяна Ястремскаяд хожигджээ. 


Тоглолт 7:6 (7:3), 6:1  харьцаагаар дууссан байна. Д.Ястремская хоёрдугаар тойрогт Оросын теннисчин Анастаси Захароватай тоглоно. Захарова өмнөх тоглолтод урьд нь дэлхийн чансааг тэргүүлж байсан Беларусийн теннисчин Виктория Азаренког хожсон байна.


Өдгөө 21 настай К.Гауфф WTA-гийн тэмцээнүүдэд 10 удаа түрүүлсэн бөгөөд ганцаарчилсан төрлөөр “Их дуулга”-ын хоёр тэмцээнд аваргалжээ. Тодруулбал, 2023 онд АНУ-ын нээлттэй тэмцээнд, 2025 онд Францын нээлттэй тэмцээнд тус тус түрүүлсэн байна.


WTA-ийн чансаанд 42 дугаарт эрэмбэлэгдэж буй, өдгөө 25 настай Д.Ястремская тус холбооны ивээл дор зохиогддог гурван тэмцээнд түрүүлжээ. 2024 оны Австралийн нээлттэй тэмцээний хагас шигшээд шалгарсан нь түүний “Их дуулга”-д үзүүлсэн хамгийн өндөр амжилт юм.


Уимблдон бол энэ улирлын гурав дахь "Их дуулга" бөгөөд зүлгэн талбайд болдгоороо онцлогтой. Уг тэмцээн долоодугаар сарын 13 хүртэл үргэлжилнэ. 

Related news