Хөл бөмбөгийн тоглолтын завсарлагыг 20 минут болгох санал дэвшүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 1. /ТАСС/. Хөл бөмбөгийн тоглолт завсарлах хугацаа 15 минут байгааг ирэх онд болох ДАШТ-ий үеэр 20 минут болгож уртасгах саналыг Мэргэжлийн хөлбөмбөгчдийн олон улсын холбооноос /FIFPro/ гаргасан байна.
Түүнчлэн тоглогчдод сэрүүцэх боломж олгодог түр завсарлагыг одоогийнхоос илүү олон болгохыг тус холбооны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн захирал Венсан Гуттебарж санал болгожээ. “Тоглолтын 30 дахь ба 75 дахь минутанд ус ууж сэрүүцэх завсарлага авч байгаа нь учир дутагдалтай, иймээс богино завсарлагыг 15 минут тутамд авч байх нь зүйтэй” гэж тэрбээр хэллээ.
Ройтерс агентлагийн мэдээнд
дурдсанаар, 2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий үеийн цаг агаарын байдал нь тоглогчдод
“онцгой эрсдэл” учруулахаар байна. Тодруулбал, Атланта, Бостон, Даллас,
Гвадалахар, Хьюстон, Канзас-Сити, Майами, Монтеррей, Филадельфи хотуудад
чийглэг халуун болохоор байгаа нь тамирчдын эрүүл мэндэд асуудал үүсгэнэ. Ер нь
бол, +28 хэмээс дээш халах үед тоглолтыг цуцлах эсвэл хойшлуулах нь зүйтэй гэж FIFPro-оос
өгч буй зөвлөмжид дурджээ. Уг зөвлөмжийг 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын
13-нд АНУ-д болж буй клубүүдийн ДАШТ-ий явцад хийсэн ажиглалтад үндэслэн
гаргасан байна.
Хөл бөмбөгийн ДАШТ-2026 АНУ, Канад,
Мексик гэсэн гурван улсад болж, 48 баг оролцоно.