“Формула-1”-ийн ээлжит гараанд Л.Норрис түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-06-30 11:39:28

ВЕНА, 2025 оны зургаадугаар сарын 30 /TASS/. "Формула-1” ангиллын авто уралдааны энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 11 дэх гараа буюу Австрийн Гран-Прид "Макларен" багийн британи уралдаанч Ландо Норрис түрүүллээ. Уралдаан "Ред Булл Ринг" зам дээр болжээ. 


Хоёрдугаар байрыг Л.Норрисын багийн гишүүн, Австралийн уралдаанч Оскар Пиастри эзэлсэн бол "Феррари" багийн гишүүн, Монакогийн иргэн Шарль Леклер гуравдугаар байрт оржээ. 


Уралдаан эхлэхийн өмнө "Уильямс" багийн испани уралдаанч Карлос Сайнс машины эвдрэлээс шалтгаалан уралдаанд оролцоогүй байна. Уралдааны эхний тойрогт осолдсоны улмаас сүүлийн дөрвөн ДАШТ-ий түрүүг хүртсэн Нидерландын тамирчин Макс Ферстаппен (Ред Булл), Италийн Кими Антонелли (Мерседес) нар уралдааныг дуусгаж чадаагүй байна. М.Ферстаппен 462 хоногийн хугацаанд анх удаа уралдаанаа дуусгаж чадсангүй. Тэрбээр хамгийн сүүлд 2024 оны Австралийн Гран-Прид барианд орж чадаагүй юм.


Энэ оны 11 дэх гарааны дараах байдлаар Пиастри 216 оноогоор ДАШТ-д тэргүүлсэн хэвээр байгаа бол Л.Норрис /201 оноо/, М.Ферстаппен /155/ нар удаалж байна. Харин багийн чансаагаар “Макларен” /417/ тэргүүлж байгаа бол “Феррари” /210/, “Мерседес” /209/ багууд тус тус хоёр, гуравдугаарт бичигдэж байна.


“Формула-1” -ийн 12 дахь гараа долоодугаар сарын 4-6-ны өдрүүдэд Их Британийн "Сильверстоун" зам дээр болно.



Related news