Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг шинэ түүх бүтээж, мөнгөн медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй сагсан бөмбөгийн 3х3-ын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө.
Тус тэмцээнд оролцож буй манай эрэгтэй баг хэсгийн шатнаас шалгарч чадаагүй бол эмэгтэйчүүд багийн спортод шинэ түүх бүтээж, дэлхийн дэд аварга болов. Олимпын төрөл төдийгүй багийн спортын түүхэнд түүх бичиж байгаа нь энэ. Эмэгтэйчүүд финал хүртэл ямар багуудтай тоглосныг эргэн сануулъя.
Хэсгийн шатанд Бразилын хүчирхэг багийг 16:14-өөр хожсон ч хоёр дахь тоглолтдоо Испанид 22:10-аар хожигдсон юм. Улмаар олимпын аварга Германыг 18:14-өөр, Европын хүчтэй багуудын нэг Украиныг 18:16-ээр хожсоноор хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарч, шөвгийн 16-д үлдэв. Тэгвэл хасагдах шатанд дэлхийн чансааг тэргүүлэгч Хятадын шигшээг 21:19-өөр хожсоноор шилдэг найман багийн нэг болсон. Харин дунд шөвөгт сагсан бөмбөгийн эх орон Америкийн шигшээ 18:15-аар, хагас шигшээд Польшийг 18:17-гоор хожиж финалын шатанд анх удаа шалгарсан юм. Ингээд мөнгөн медалийн болзлыг нэгэнт хангаж, сагсан бөмбөг, тэр дундаа багийн спортын түүхэнд шинэ хуудсыг нээсэн манай охид финалд Нидерландын хүчтэй багт 9:15-аар хожигдсоноор мөнгөн медалиар энгэрээ мялаалаа.
Эмэгтэйчүүдийн ангилалд ДАШТ-ий мөнгөн медальт Нидерланд амжилтаа ахиулж түрүүлсэн бол Канад хүрэл медаль хүртсэн юм. Тэгвэл эрэгтэйчүүдийн төрөлд Испани түрүүлж, Швейцар мөнгө, Сербийн баг хүрэл медалийн тавцанд зогсов. Эрэгтэйчүүдийн дэлхийн шигшээд Испани, Швейцар, Сербийн тоглогч багтсан бол эмэгтэй багт Нидерланд, Канадаас гадна Монголын тоглогч О.Хулан нарыг нэрлэлээ. Тэгвэл "Үнэ цэнтэй тоглогч"-ийн шагналыг алтан медаль хүртсэн Нидерланд, Испанийн шигшээ багийн тоглогчдод олгов. Харин манай багийн Б.Ариунцэцэг ДАШТ-ий турш 44 оноо авч, бүх тоглогчийг тэргүүлэв. Тэрбээр нэг онооны довтолгоогоор 21, холын шидэлтээр 18, чөлөөт шидэлтээр таван оноо авчээ. Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн финалын тоглолтын фото агшнаас хүргэе.