Монгол Улс, АНЭУ-тай худалдааны хэлэлцээр байгуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-06-28 16:18:28

МИНСК, 2025 оны зургаадугаар сарын 28 /TASS/. Беларусийн нийслэл Минск хотноо Евразийн эдийн засгийн холбооны (ЕАЭХ) дээд хэмжээний уулзалт баасан гарагт боллоо. Уулзалтын үеэр ЕАЭХ Монгол Улс болон Арабын Нэгдсэн Эмирт Улстай (АНЭУ) худалдааны хэлэлцээрт гарын үсэг зуржээ. 


Тодруулбал, Монгол Улс болон ЕАЭХ, түүний гишүүн орнууд хооронд худалдааны түр хэлэлцээр, харин АНЭУ-тай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулжээ. Баримт бичгүүдэд Евразийн эдийн засгийн комиссын коллегийн дарга Бакытжан Сагинтаев болон ЕАЭХ-ны гишүүн орнуудын Шадар сайд нар гарын үсэг зурсан бол, АНЭУ-ын талаас гэрээнд угсаа залгамжлах ханхүү, Абу-Дабигийн Гүйцэтгэх зөвлөлийн дарга Халид бин Мухаммед бин Заид Аль Нахайян, Монгол Улсын талаас түр хэлэлцээрт тус улсын тэргүүн шадар сайд Ням-Осорын Учрал гарын үсэг зурсан байна.


Тус хоёр улс ЕАЭХ-той хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсээр ирсэн юм. Тухайлбал, АНЭУ-ын тал ойрын хугацаанд ЕАЭХ-той чөлөөт худалдааны бүс байгуулах зорилготой байгаагаа мэдэгдэж, уг асуудлаарх хэлэлцээ 2023 оноос хойш үргэлжилжээ. 


Монгол Улстай худалдааны түр гэрээ байгуулах хэлэлцээ ч мөн удаан үргэлжилжээ. Баримт бичиг хүчин төгөлдөр болсны дараа ЕАЭХ нь талх, мах, сүү, зөгийн бал, тос, чихэр, металлургийн бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэл, химийн бүтээгдэхүүн зэрэг нэр төрлийн барааг тус улсын зах зээлд илүү таатай нөхцөлөөр нийлүүлэх боломжтой болно.


ЕАЭХ нь Вьетнам, Сингапур, Серби, Иран улсуудтай чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээр байгуулсан бөгөөд Хятад улстай хоёр түншлэлийн гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Мөн Индонез улстай худалдааг либералчлах асуудлаар хийж буй хэлэлцээ дуусах шатандаа орсон бол Египет, Энэтхэг улсуудтай яриа хэлэлцээ үргэлжилж байна.

Related news