АРХАНГАЙ: Элсэлтийн шалгалтын дундаж оноогоор 11 дүгээр байрт шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-06-27 16:09:12

Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. 2024-2025 оны хичээлийн жилд Архангай аймгийн хэмжээнд 12 дугаар ангийг 1101 суралцагч элсэлтийн шалгалтад 10 хичээлээр давхардсан тоогоор 3233 шалгалт өгчээ. 


2025 оны элсэлтийн шалгалтаар математик 504.8, монгол хэл 501.2, нийгмийн ухаан 515.2, түүх 544.4, биологи 508.1, физик 523.3, газар зүй 504.1, орос хэл 527.0 дундаж оноотой улсын дунджаас дээгүүр үнэлэгдсэн байна.


2024 оны элсэлтийн  шалгалттай харьцуулахад математик 486-аас 504.8 болж 18.8 пунктээр, нийгмийн ухаан 497-оос 515.2 болж 18.2 пунктээр, түүх 514-өөс 544.4 болж 30.4 пунктээр, хими 481-ээс 491.1 болж 10.1 пунктээр, биологи 497-оос 508.1 болж 11.1 пунктээр, физик 507-оос 523.3 болж 16.3 пунктээр, газар зүй 489-өөс 504.1 болж 15.1 пунктээр, орос хэл 387-оос 527.0 болж 140 пунктээр өссөн байна.


Өөрөөр хэлбэл, 2024 оны элсэлтийн шалгалтын дундаж 490-ээс 2025 онд 508.1 болж 18.1 пунктээр өссөн үзүүлэлт юм.


2025 оны элсэлтийн шалгалтаар 21 хүүхэд 750-иас дээш оноо, 13 хүүхэд 800 оноо авсан амжилт үзүүлсэн. Тухайлбал Эрдэнэбулган сумын 1 дүгээр сургуулийн сурагч Х.Анхилгуа, Л.Энхзаяа, А.Пүрэвжаргал нар нийгмийн ухааны хичээлээр 800 оноо, Өндөр-Улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Ш.Буянзул, Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн Б.Оюун-Эрдэнэ, Г.Хишигжаргал нар монгол хэлний хичээлээр 800 оноо, Эрдэнэбулган сумын 1 дүгээр сургуулийн сурагч Ч.Анхбаяр англи хэлний хичээлээр, О.Халиунаа математикийн хичээлээр олон улсын шалгалтыг элсэлтийн шалгалттай дүйцүүлэн 800 оноо, монгол хэл бичгийн шалгалтад Эрдэнэбулган сумын 1 дүгээр сургуулийн сурагч М.Мөнх-Од, О.Өүлэн 800 оноо, хар зургийн ур чадварын шалгалтаар Эрдэнэбулган сумын 3 дугаар сургуулийн сурагч Б.Хүслэн, Ч.Анар, Эрдэнэбулган сумын 1 дүгээр сургуулийн сурагч Н.Энхбилгүүн нар 800 оноо авчээ.


2024 оны элсэлтийн шалгалтын үнэлгээг аймгуудтай харьцуулахад 22 дугаар байрт орж байсан бол 2025 онд 11 дүгээр байрт орж, 11 байр ахисан амжилтыг энэ жил үзүүллээ.

2024-2028 оны аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Багшийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд багш нарын чадавхжуулах, харилцан туршлага судлуулах, сургалтын чанарт ахиц гаргах, суралцагчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх олон зорилтуудыг тусгасан.


Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор 2025 онд багш нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, 70.7 сая төгрөг, “Шилдэг бүтээлч багш”, “Шилдэг мэргэжлийн хөгжлийн бүлэг”, “Шилдэг байгууллага”-уудыг шалгаруулж, 286 сая төгрөг, “Байгалийн ухааны шилдэг бүтээл” шалгаруулах “Архангайн ирээдүйн эзэд” хүүхдийн тайлант өдөрлөг зохион байгуулж, 27.2 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна.


Энэхүү ажлууд нь элсэлтийн шалгалт болон 2024-2025 оны хичээлийн жилийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, боловсролын салбарт хэрэгжиж байгаа шинэчлэлийг эрчимжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан үйл ажиллагаа юм.


Элсэлтийн шалгалтын жагсаалтыг 535.11 оноогоор Увс аймаг тэргүүлсэн бол 523.31 оноогоор Дорнод, 522.97 оноогоор Өвөрхангай аймаг удаах байрт шалгарчээ.  

Related news