Р.Гросси: Цөмийн байгууламжид цохилт өгөх ёсгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-06-13 18:20:21

ЙЕРУСАЛИМ, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Израилын зүгээс Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгч буйг “туйлын түгшүүртэй үйл явдал” гэж НҮБ-ын цөмийн хяналтын байгууллага болох Олон улсын атомын эрчим хүчний байгууллагын тэргүүн Рафаэль Гросси мэдэгджээ.  


Удирдах зөвлөлийн гишүүдэд хандан хэлсэн үгэндээ Р.Гросси, ямар ч нөхцөл байдлаас үл хамааран цөмийн байгууламжид хэзээ ч халдаж болохгүй, учир нь хүмүүс, байгаль орчинд хор хөнөөл учруулж болзошгүй гэдгийг би удаа дараа мэдэгдсээр ирсэн гэжээ.


Ийм довтолгоо нь цөмийн аюулгүй байдал түүнчлэн бүс нутгийн болон олон улсын энх тайван, аюулгүй байдлыг алдагдуулнаЦөмийн байгууламжийн аюулгүй байдалд заналхийлж буй аливаа цэргийн ажиллагаа нь Ираны ард түмэн, бүс нутаг, цаашлаад дэлхий нийтэд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй” гэж тэрбээр хэлээд, хурцадмал байдал даамжрахаас сэргийлэхийн тулд дээд зэргийн хүлээц тэвчээртэй байхыг бүх талд уриалсан байна.


Ираны баруун нутаг дахь агаарын довтолгооноос хамгаалах системүүд рүү хийсэн дайралтын хүрээнд “олон арван радар болон газар-агаар” ангиллын пуужин харвах төхөөрөмжийг устгасан гэж Израилын Агаарын цэргийн хүчин /АЦХ/ мэдэгджээ. Цэргийн болон цөмийн объектууд нь ажиллагааны гол зорилго байсан гэж Израилын тал өмнө нь мэдэгдсэн байна.


Харин Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи хатуу хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ. Израилын дайралтын улмаас цөмийн судалгааны зургаан эрдэмтэн амь үрэгдсэнийг Ираны тал баталсан байна. Тэдний дундаас хамгийн нэр хүндтэй нь тус улсын Атомын эрчим хүчний байгууллагын тэргүүн асан Ферейдун Аббаси юм. Мөн Техран дахь Исламын Азад их сургуулийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Мохаммад Мехди Тегеранчи амиа алджээ.  

Related news