“Даншиг наадам-Хүрээ цам 2025”-ыг энэ сарын 27-29-нд зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-09 17:18:00

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2025” шашин соёлын наадмыг энэ сарын 27-29-нд Хүй долоон худагт зохион байгуулна.


Тус наадмыг энэ жил анх удаа нийслэл хотын иргэдийн баяр болгож, Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх хайрхныг тахих ёслолоор эхлүүлнэ. Энэ үеэр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийг зохион байгуулах юм.  



Наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохион байгуулдаг бөгөөд Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааны тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон үйл ажиллагаа болно. Мөн хүчит бөхийн барилдаан, хурдан морь, жороо морины уралдаан, сээр цохих тэмцээн, шагай, сур харвааны наадам болохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрынхан “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.



Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой даншиг наадам нь 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй, Монголын шашин соёлын том үйл ажиллагаа юм. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын онцлог. Цамын үеэр Очирваань бурхан, цагаан өвгөн, нийслэлийг хүрээлэх дагшин дөрвөн уулын эзэд хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоёж, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буй хөдөлгөөнийг уран яруугаар үзүүлдэг билээ.



Related news