СҮХБААТАР: 2023 онд олдсон ваар, зүүлт Сяньбигийн үед хамаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Баруун булаг гэх газраас түүврээр олдсон вааран сав болон зүүлтийг ШУА-ийн Археологийн хүрээлэн нэг бүрчлэн тодорхойлж, хэмжилтийн ажлыг хийхээс гадна харьцуулсан судалгаа хийж Сяньбигийн үед хамаарах
болохыг тогтоожээ.
Вааран сав: Улаан шаргал болон хөх саарал холилдсон өнгөтэй, нарийн ширхэгтэй, нягтрал сайтай нимгэн вааран сав байна. Эх биеийн улаан шаргал өнгө хэт их халалтаас үүдэлтэй байж болох юм. Бөөрөн хэсгээрээ цүлхгэр, нарийн босоо амсартай. Амсар жигд бус долгиотсон ирмэгтэй.
Дугуй хавтгай ёроолтой ба эх биеийн бөөрөн хэсэг нэг тал руугаа хэвгий ажээ. Хоёр хажуу мөрнөөс амсар хүртэл дөрвөлжин сэнжтэй. Нэг хажуугийн сэнжнүүд хугарсан ч нэг нь хэвээр үлдсэн байна. Сэргээн засварлан наах боломжтой. Мөн эсрэг талын хоёр мөрөнд товгор товруутай юм. Тэрхүү товруу нь дундуураа 0.3 см орчим нэвт нүхтэй. Энэ нь нарийн зүйлээр сүвэгчлэн өлгөх сэнж юм. Нэг хажуугийн бөөрөн хэсэгт хүрэл эсвэл зэс эдлэлтэй ойр байсныг илтгэх ногоон өнгөтэй металл эдлэлийн өнгөр наалдсан байна. Вааран савны өндөр 14 см, бөөрөн хэсэг 12 см, амсрын тойрог 7.8 см
хэмжээтэй.
Хүзүүний зүүлт: Нийт 5 ширхэг зүүлт байна. 3 төрлийн зүүлтийг ижил түүхий эд болох оюу чулуу ашиглан бэлтгэсэн байна. Нэг зүүлтийг шувууны яс ашиглан хийсэн бол үлдсэнийг үзмэн мана чулууг түүхий эд болгон хийсэн байна.
Тус олдворуудыг 2023 онд нутгийн малчин С.Баярбат олсон бөгөөд өдгөө аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдаж байна.