Газын зурваст 60 хоног гал зогсоохыг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-05-30 10:20:30

КАИР, 2025 оны тавдугаар сарын 30. /TASS/. Газын зурваст 60 хоногийн хугацаанд гал зогсоохыг Палестины ХАМАС хөдөлгөөн болон Израил улс зөвшөөрсөн тухай “Al Arabiya” телевиз мэдээлэв. Эх сурвалжийн ярьснаар, талууд санал болгосон гэрээнийх нь төслийг зөвшөөрсөн гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткоффт мэдэгджээ.


Зөвшилцөлд хүрсэн тухай АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп удахгүй албан ёсоор зарлах ёстой гэж эх сурвалж хэлсэн байна. Харин ХАМАС хөдөлгөөн Газын асуудлаарх Уитткоффын саналыг судалж байгаа бөгөөд зөвшилцөлд хүрсэн тухай хэвлэлүүдээр гарсан бүх мэдээлэл үнэн биш гэж мэдээлэлд ойрхон байдаг “Quds” цахим хуудсанд мэдээлжээ. Энэ мэдээлэлд ХАМАС одоогоор тайлбар хийгээгүй байна. 


Израилын “Ynet” цахим хуудсанд өмнө нь мэдээлснээр, Уитткоффын шинэ саналд Газын зурваст 60 хоногийн хугацаанд гал зогсоож, эхний долоо хоногт барьцаанд байгаа 10 хүнийг хоёр үе шаттайгаар суллахаар тусгасан байна. ХАМАС мөн эхний долоо хоногт 18 хүний цогцсыг Израилын талд хүлээлгэн өгөх ёстой.


Харин Израилын тал өмнө батлагдсан жагсаалтын дагуу Палестины хоригдлуудыг суллана. Баримт бичигт мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагуудаар дамжуулан Газад хүмүүнлэгийн тусламж хүргэх ажиллагааг үргэлжлүүлэх тухай тусгасан байна.


Уиткоффын шинэ төлөвлөгөөг хүлээн авснаа Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өчигдөр буюу пүрэв гарагт мэдэгджээ. Уиткофф тавдугаар сарын 28-нд Цагаан ордонд сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, АНУ удахгүй Газын зурваст гал зогсоох нөхцөлийн жагсаалтыг Израил болон ХАМАС-т илгээхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн юм.



Related news