Тайландад ирсэн жуулчид криптовалютаар худалдаа хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-05-27 10:34:40

БАНГКОК, 2025 оны тавдугаар сарын 27 /The Nation/. Цахим мөнгөө зээлийн карттайгаа холбож, худалдан авалт хийх боломжийг жуулчдад олгохын тулд криптовалютыг тус улсын эдийн засгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа Тайландын засгийн газрын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Пичай Чунхавачира мэдээлжээ. 


Түүний хэлснээр, тус улсын Сангийн яам криптовалютыг карттай холбох журмыг нэвтрүүлэхийн тулд улс орнуудын туршлагыг судалж байгаа ажээ. "Гадаадын зарим оронд криптовалютыг зээлийн карттай холбож худалдан авалт хийх боломжтой болсон. Ямар нэгэн зүйл худалдаж авахдаа тухайн улсын валютаар төлбөрөө хийдэг бөгөөд ихэнхдээ худалдан авагч нь криптовалют ашигласан гэдгийг ч анзаардаггүй. Энэ аргыг Тайландад хэрэгжүүлэх боломжтой" гэж тэрбээр хэлсэн байна. 


Тайландын хөрөнгийн зах зээл нь тусдаа хууль эрх зүйн хүрээнд зохицуулагддаг байна. Хөрөнгийн зах зээлийг дижитал хөрөнгийн зах зээлтэй уялдуулахын тулд тус улсын Засгийн газар холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Тайландын Төв банктай хэлэлцээ хийж эхэлжээ.


Он гарснаас хойш Тайландад 13.4 сая гадаадын жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2 орчим хувиар буурчээ. Хамгийн олон буюу 1.8 сая жуулчин Хятадаас ирсэн байна. Хоёрдугаарт Малайз (1.7 сая), гуравдугаарт Орос (932 мянга), дөрөвдүгээрт Энэтхэг (880 мянга), тавдугаарт Өмнөд Солонгос (637 мянга) орж байна.



Related news